ДАРХАН-УУЛ: Хүүхдийн автобусны тоог дөрвөөр нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг 2022 оныг "Хүүхэд хамгааллын жил" болгон зарласан. Энэ хүрээнд алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд автобусны үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хүүхдийн автобусны парк шинэчлэлийг нэмэгдүүлж байна.
Аймгийн
засаг дарга Б.Азжаргал өнөөдөр зөвхөн ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй үйлчлэх
дөрвөн шинэ автобусыг
“Элит хөгжил” ХХК-д хүлээлгэн өглөө. Өнөөдрийн байдлаар алслагдсан гэр
хорооллын таван чиглэлд дөрвөн автобус сурагчдад үйлчилж байна. Эдгээр автобус ирэх
долоо хоногт үйлчилгээнд орсноор найман чиглэлд найман автобус явах боломжтой
болж байна. Учир нь техникийн үзлэгт орж, улсын дугаар авах аж.
Маршрутын
тухайд Дархан сумын хоёрдугаар баг Ширээ нуруу, 15 дугаар багийн нутаг
Хабитат гэр хороолол, хуучин Дархан гэсэн нэмэлт чиглэлд хүүхдийн автобус явах ажээ.
Шинээр ирсэн автобусуудыг нь БНХАУ-д
үйлдвэрлэсэн тэг гүйлттэй, орчин үеийн стандартад нийцсэн, хүүхэд тээвэрлэх
зориулалттай тус бүр 56 хүний суудалтай аж.
Дархан суманд хүүхдийн автобус одоогоос долоон жилийн өмнө буюу 2015 онд нэвтэрч эхэлсэн. Учир нь алслагдсан гэр хорооллын хүүхэд,
багачуудад нийтийн тээвэр хүрч ажилладаггүй, өглөө, оройд удаан хугацаагаар
такси хүлээх асуудал тулгардаг байсан. Энэ байдлыг халах, хотын соёлд нийтийн
тээврийг хүүхдийн тээвэртэй хослуулан хөгжүүлэх үүднээс аймгийн Засаг дарга
Б.Азжаргал Дархан сумын засаг даргаар ажиллаж байхдаа санаачлан хэрэгжүүлж
эхэлсэн.
Шинээр нэмэгдэж буй дөрвөн автобус нь тусгай тоноглолтой учир хүүхдийн
автобусанд зай тавьж өгөх, зогссон үед анхааруулга тэмдгийг гэмтээхгүй байх
зэрэгт соёлтой,
хүлээцтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг нийт жолооч нартаа уриаллаа.



