ДУНДГОВЬ: Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 28.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-14 12:39:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022 оны 8 дугаар сарын байдлаар аймгийн Цагдаагийн газар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 1191 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 18,3 хувиар өсжээ.

Тэдгээрээс 196 гэмт хэрэг бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 29087 гэмт хэргийн 0,75 хувийг эзэлж байгаа ба энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 28.1 хувиар өссөн байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлэв.  

Энэ хугацаанд хүнийг санаатай алах гэмт хэрэг 5, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 8, залилах гэмт хэрэг 4, бусад гэмт хэрэг 13, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10, хөдөлгөөний аюулгүй байдал,тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 5 гарч өссөн үзүүлэлттэй байна.

Харин дээрэмдэх хэрэг 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 5, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх хэрэг 2, мал хулгайлах гэмт хэрэг 1 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс нэмэгдээгүй аж.

Гэмт хэргийн улмаас 210 иргэн хохирч, 69 хүн гэмтэж, 7 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн 5 нь зам тээврийн ослоос амиа алдсан байна. Гэмт хэргийн улмаас хохирсон хүний тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 57 хүнээр, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүний тоо 7 хүнээр өссөн ба гэмт хэрэгт нийт 133 хүн холбогдон шалгагджээ. 

Гэмт хэргийн илрүүлэлт тус аймагт 44.9 хувьтай байгаа нь улсын дунджаас 0.4 хувиар доогуур байна. Нийт гэмт хэргийн 62 хувийг нь согтуугаар үйлджээ. Түүнчлэн 11.22 хувьд нь эмэгтэй хүн оролцсон, 4.59 хувьд нь хүүхэд оролцсон ба 7.65 хувийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 7.14 хувийг бүлэглэн үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.

Зөрчлийн үзүүлэлтээ аймгийн хэмжээнд 13 307 зөрчил шалгаж, зөрчил гаргасан 9 830 иргэнийг 348.9 сая төгрөгөөр торгожээ. Үүнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэргээр 288 хүнийг торгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 121 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Энэ оны эхний 8 сарын байдлаар нийт 209 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 107 хүнээр буюу 2 дахин өсжээ.

相关新闻