ДУНДГОВЬ: Мандалговь-Арвайхээр чиглэлийн шинэ шугам сүлжээний ажлыг хэрэгжүүлэх талаар санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Эрчим хүчний төсөл-3” хөтөлбөрийн хүрээнд шинээр
хэрэгжих Мандалговь-Арвайхээр чиглэлийн шинэ шугам сүлжээний ажлын эхний үе
шатыг хэрэгжүүлэх тухай санал солилцох уулзалт болов.
Эрчим хүчний салбарын холбогдох албан тушаалтнууд,
Дэлхийн банкны эрчим хүчний төлөөлөгчид Дундговь аймагт ажиллан, аймгийн Засаг
дарга Ц.Мөнхбат, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, Мандалговь-Арвайхээр чиглэлийн шинэ шугам сүлжээний ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэх тухай ярилцжээ.
Тус эрчим хүчний сүлжээ нь 220 кВ хүчин чадалтай байх
бөгөөд хангайн бүсийн эрчим хүчний шугамын Арвайхээр, Чойр дахь цахилгаан
хэлбэлзлийн уналтын асуудлыг зогсоох, тал талаас эрчим хүчээр хангагдах
боломжийг бий болгон нийгэм эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төсөл
болох аж.
Эрчим хүчний транс шугам нь Эрдэнэдалай, Сайнцагаан, Луус
сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх тул аймгийн Засаг даргын зүгээс төслийн
эхний үе шатнаас эхлэн орон нутгийн иргэдэд учруулж болзошгүй сөрөг нөлөөг
арилгахад анхаарч ажиллах санал тавив.
Мөн орон нутгийн болон бүс нутгийн иргэдэд үр өгөөжтэй төсөл
хэрэгжих болсонд талархал илэрхийлж, орон нутгийн зүгээс төслийн хэрэгжилтийг
түргэсгэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.