Өвлийн улиралд халуун рашаан сувиллыг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-18 13:49:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өвлийн аялал жуулчлал: Асуудал-шийдэл” хэлэлцүүлгийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Монголын Зочид буудлын холбооноос өнөөдөр зохион байгууллаа.


Хэлэлцүүлэг дээр “Хан Хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборын маркетингийн менежер Д.Цэрэнпагма өвлийн аялал жуулчлалаар халуун рашаан сувиллыг дагасан аяллыг хөгжүүлэх боломжтой гэсэн саналыг хэлсэн юм.


Энэ талаар түүнээс тодруулбал, “Манай улсад Баянхонгорын Шаргалжуут, Өвөрхангайн Хужирт, Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Төв аймгийн Жанчивлан зэрэг эмчилгээний өндөр үр дүнтэй халуун рашаан сувилал олон байдаг. Эдгээрийг ашиглан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой” хэмээн тодотгосон юм.


Гэхдээ өнөөдрийн байдлаар дээрх үйл ажиллагааг тухайн сувилал л тус тусдаа дор бүрнээ хийж буй болохоос улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор энэ үйл ажиллагааг дэмжих хүчин зүйл хэрэгтэй байгааг тэрбээр онцоллоо. Ингэснээр аялал жуулчлалыг зөвхөн дулааны улиралд эрхэлдэг гэсэн тогтсон ойлголтыг халж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэг боломж буйг дурдлаа.


Гадаад орнуудад, хүйтэнд халуун рашаанд ороод цасан дээр гарч ирэх нь сонирхолтой, энэ талын аяллыг сонирхдог жуулчид олон, нэг талын экстрим жуулчлал болдгийг тэрбээр мөн тодотголоо. Ялангуяа энэ төрлийн аялал жуулчлал Финланд, Норвеги, Швед зэрэг Скандинавын орнууд болон Герман, Японд их хөгжжээ.  


“Танайх энэ талын жуулчдыг хэр хүлээн авдаг вэ? Улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хөгжүүлэхэд юу хийх шаардлагатай вэ?” хэмээн тодруулахад:

-Манайд энэ талаар ханддаг жуулчид бий. Бид цөөн тоогоор хүлээн аваад өөрөө өөртөө болоод байна гэж бодсон ч үүнийг бүгдээрээ бас хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн гадныхнаас гадна дотоодын жуулчдыг татах нэг төрөл юм. Ингэхийн тулд юуны өмнө нэгдсэн сурталчилгаа явуулах хэрэгтэй байна. Хоёрт, судалгаа хийх шаардлагатай. Ингэснээр энэ чиглэлийн нэгдсэн нэг маршрут гарна. Эцэст нь энэ талын үйлчилгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал чухал юм” гэдгийг тэрбээр онцоллоо.


Аялал жуулчлалын талаар гаргасан судалгаагаар үйлчилгээ авч аялж буй хүмүүсийн 60 хувь нь бусдын ярьсан дээр буюу өмнө нь очиж байсан хүмүүсийн “туршлага” болон сурталчилгаанд суурилан аяллын маршрутаа сонгодог бол дөнгөж 19 хувь нь тухайн аяллын газрын нэр, брэнд үйлчилгээгээр сонголтоо хийдэг байна. Үүнээс гол нь харилцаанаас харилцаа үүсгэж дараагийн жуулчид ирэх сэдлийг төрүүлэн татдаг үйлчилгээний чанарт анхаарах нь тогтвортой, тууштай аялал жуулчлалыг хөгжүүлдэг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа.


Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр өвөл зохион байгуулдаг мөсний баяр, тэмээний уралдаан, шагайн харваа зэрэг аялал жуулчлалын эвент үйл ажиллагааны хоорондын хугацааг уялдуулах, Цагаан сараар гадаад, дотоодын жуулчдыг хөдөө, орон нутагт нэгдсэн байдлаар малчдын бүлгээр аялуулж монгол ёс заншил, ахуйг сурталчлах, нэгдсэн нэг үнээр үйлчилж байх зэрэг саналыг оролцогчид гаргаж байв. 


Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻