АРХАНГАЙ: НҮБ-аас цөөн малтай 40 өрхөд 12.0 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. НҮБ-аас аймгийн хэмжээнд
зудын нэн эрсдэлтэй дөрвөн сум, эрсдэл ихтэй 13 сумын 200-гаас доош малтай эмзэг
бүлгийн малчин өрхийн судалгааг өнгөрсөн сард аймгийн ХХААГ-тай хамтран хийсэн
байна.
Судалгааны дүнгээр зудын
эрсдэл нэн өндөр Цахир, Хангай, Өгийнуур,
Хашаат сумын нутагт цас ихтэй газар,
цөөхөн малтай өвөлжиж буй 40 өрхөд Нэгдсэн үндэстний байгууллагын Хөдөө аж ахуйн байгууллага,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тусламж үзүүллээ.
Өөрөөр хэлбэл, нэг сумын
арван өрх, нийт 40 өрхөд тус бүр бэлнээр 300.000 төгрөг, малын
тэжээл эрдэс, витамины
нэмэгдэл, НҮБ-ын хүн амын сангаас нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдийн
ариун цэвэр, эрүүл ахуйн багцын тусламж үзүүлжээ.
Мөн аймгийн
ХХААГ-т 17 сумын малчдын хотонд өвөл, хаврыг хэрхэн өнтэй давах талаарх сургалтыг зохион байгуулж, зөвлөмж,
зөвлөгөө өгч ажиллах зардлын дэмжлэгийг
үзүүлсэн байна.
Он гарсаар Улсын нөөцийн
салбараас 19 суманд тус бүр 13-18 тн хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хуваарилж
хүргүүлсэн. Мөн Улаан загалмайн нийгэмлэгийн буцаллтгүй тусламжаар 10 сумын 50
өрхөд тус бүр 370.000 төгрөгийг бэлнээр олгоод байна.