Бокс, сагсныхан оюутан, сурагчдын төлөөлөлтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-аас жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ныг “Спорт-Энхтайван, хөгжлийн төлөө” олон улсын өдөр болгон тунхаглаж, жил бүр тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. ОУОХ энэхүү өдрийг дэмжиж, Үндэсний олимпын хороодод спорт, олимпизм, энхтайвны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажил үйлс өрнүүлэхийг уриалсан байдаг.
МҮОХ энэхүү
уриалгын хүрээнд алдартай тамирчдыг оюутан сурагчидтай уулзуулах арга хэмжээг "Олимпик хаус"-т зохион байгууллаа.
Энэ арга хэмжээнд “Дели-2023” эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, хүрэл медальт М.Энхжаргал, 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн шинэхэн аварга багийн тоглогч О.Энхбаатар нар оролцож, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд болон Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн сурагчидтай чөлөөт уулзалт, ярилцлага хийв. Уулзалтад МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, ҮБТДС-ийн захирал Л.Алтанцэцэг нар оролцсон.
Энэ үеэр тамирчид тив, дэлхийн хэмжээнд үзүүлсэн амжилтаасаа хуваалцаж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
ДАШТ-ий мөнгөн
медальт Л.Алтанцэцэг тав дахь оролдлогоороо дэлхийн медальтан болсноо онцолж,
шантралгүй, тууштай байвал амжилтад хүрдгийг хэлсэн.
Харин М.Энхжаргал ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод тархиа хагалуулснаа рингээс бууж ирсэн хойноо мэдсэн гэдгээ хуучлав. Тэрбээр “Мароккогийн тамирчинтай тоглоход хүнд цохилт аваад нэлээд сандарсан. Нүд харанхуйлаад ирсэн ч “Намайг олон хүн харж байгаа. Иймхэн юман дээр бууж өгч болохгүй” гэж бодон шүд зуун тоглосоор байгаад хожсон. Медалийн төлөө тоглохдоо мөргүүлээд тархиа хагалчихсан байснаа сүүлд мэдсэн. Тухайн үед юу болж байгааг анзаарах сөхөөгүй байсан. Харин мөнгөн медалийн төлөө тоглолтод хожигдчихоод амьдралдаа анх удаа рингэн дээр уйлсан. Алт авах боломж байсан шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс урсаад байсан” гэж ярьсан юм.
О.Энхбаатарын
хувьд нэлээд хожуу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэх болсноо сонирхуулж,
бэлтгэлээ маш сайн хийдэг байсан болохоор хурдан сайжирснаа хэлсэн.
3х3 багийнхан
Азийн аварга болсон талаар ярихдаа, “-10 градусын хүйтнээс шууд 30 хэмийн халуун газар
очоод эхэндээ тоглоход эвгүй байлаа. Австралид өмнө нь хэд хэд хожигдоод байсан
болохоор энэ удаа заавал хожно гэж нэг нэгнийгээ зоригжуулаад, урам зоригтой
гарсан. Үүнийхээ ачаар хүчтэй өрсөлдөгчөө хожиж түрүүлсэндээ баяртай байна”
хэмээсэн юм.
Уулзалтын дараа
оролцогчид спортоор дамжуулан өөрчлөлт хийх, тэгш байдлыг хангах, энхтайван
байдлыг тогтоох уриалгыг дэмжиж буйн илэрхийлэл болгож цагаан цаас барин зургаа
авахуулж, энхтайвны үйл хэрэгт бусдыг уриалан дуудлаа.