ХЭНТИЙ: Дэд бүтцийн зөвлөл хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-21 07:13:32
Чингис /МОНЦАМЭ/. Аймгийн дэд бүтцийн зөвлөл энэ сарын 20-нд өнөөдөр хуралдлаа.
Хурлаар Дэлгэрхаан сумын Ахмадын сувиллын цахилгаан хангамж, Хэрлэн сумын нэгдүгээр багийн халаалтын зуух, Норовлин сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Дадал сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засвар, төрийн байгууллагуудын инженерийн шугам сүлжээ, Шихихутаг цогцолборын ажлын магадлалыг шинэчлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Тодруулбал, Дэлгэрхаан сумын Ахмадын сувиллын цахилгаан хангамжийн ажлыг гүйцэтгэж буй “БСМГ” ХХК-д зургаадугаар сард уг ажлаа дуусган хүлээлгэж өгөхийг үүрэг болгов. Хэрэв хугацаандаа дуусгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагад хүргүүлэх талаар мэдэгдлээ. Харин Норовлин сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй “Хос ховор сувд” ХХК-д тавдугаар сарын 10-ны дотор уг ажлаа дуусган ашиглалтад хүлээлгэн өгөхийг анхаарууллаа.
Хэрлэн сумын нэгдүгээр багийн халаалтын зуухны туршилт тохируулгыг тавдугаар сард багтаан хийж ашиглалтад оруулахыг тус ажлын гүйцэтгэгч болох “И Эн Си Си” ХХК-д үүрэг болгов.
Харин Шихихутаг цогцолборын гадна тохижилтын ажлын магадлалыг шинэчлэх талаар зураг төсөл зохиогчид албан хүсэлт хүргүүлэх талаар тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
相关新闻