СЭЛЭНГЭ: Аймагтаа нэгдсэн савлагааны цехтэй болохыг зөгийчид хүсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-24 14:03:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ХХААГ-аас зөгийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнийг энэ сарын 20-нд зохион байгуулсан. Энэ үеэр зарим иргэнээс авсан ярилцлагаа хүргэе.


Д.Эрдэнэчимэг: Аймагт нэгдсэн савлагааны цехтэй болоосой гэж хүсдэг


-Зөвлөгөөнд оролцож буй сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Отор нүүдлийн талаар ярьж байна. Нүүх бүрдээ эмчээс бичиг авч нүүдэг юм уу?

-Би 1980 онд Шаамарын Тэжээлийн аж ахуй гэж байхад зөгийчин болж илгээлтээр гарч байсан. Үүнээс хойш тасралтгүй 43 жил зөгий үржүүлж байна. Одоо манайх 150 бүл зөгийтэй. Өнөөдрийн зөвлөгөөнд олон хүмүүс иржээ. Манай шавь ч нар ирсэн байна. Газар газраас олон зөгийчин ирсэнд баяртай байна.  

Зөгийн гэрчилгээ гэж байдаг. Нүүх бүрдээ ав гэж биднээс шаарддаг, авдаг. Бид балаа борлуулахдаа малын эмчтэйгээ нягт хамтран ажилладаг. Харин зөгийгөө ачаад отор нүүдэл хийгээд явахдаа эмчээс жил бүр бичиг ав гэдэг. Бид үүрээр, шөнөөр нүүдэг. Ингэж нүүдэл хийх бүрд ойрхон газарт шилжин суухад малын эмчээс бичиг авна гэдэг маш хүндрэлтэй байдаг. Түүнээс бид хаана отор нүүдэл хийж байна, хаана ямар эмчилгээ хийж байна, тэмдэглэл бичиж байна уу гэдэг бол маш зөв. Энэ бүгдэд эмчээс бичгээ авч, эмчийн хяналт дор ажиллах нь зүйтэй. Харин нүүдэл бүрд бичиг авна гэдэг маш хүндрэлтэй. Бид нэг газар нүүж очоод 7 хонох ч юм уу ихэнхдээ цөөхөн хоноод буцаад нүүдэг. Ийм нөхцөлд байнга эмчийн бичиг авна гэдэг үнэхээр хүндрэлтэй асуудал л даа. Малдаа хүрэлцэхгүй байгаа малын эмч чинь зөгийчид бидэнд олдохгүй шүү дээ.


-Та бүхний зүгээс энэ асуудлыг хэрхэн нааштайгаар, хүндрэлгүй зохицуулах талаар бодож санасан зүйл байна уу?

-Газар тариалангийн бүс нутагт жишээ нь Зүүнбүрэн, Гацуурт луу нүүлээ гэхэд манай сумын Засаг дарга тухайн сумын Засаг дарга ч юмуу холбогдох хүмүүст албан бичгээр хандаад манайх төчнөөн зөгийчнөө танай бэлчээрт тавиулья. Танайх газрыг нь зааж өгч, зөвшөөрлөө өгнө үү гээд гэрээ хийчихмээр санагддаг. Манайхан ихэнх нь Гацуурт компанийн талбайг дагаж очдог. Энэ талбай дээр манай рапс, гурвалжин будаа төдийд цэцэглэнэ гэсэн мэдээллээ сумынхаа Засаг дарга ч юмуу ХАА-н мэргэжилтэнд тэднийх өгчих юм бол бид мэдээлэлтэй учраас тэр цаг тухайд нь гэрээгээ хийгээд явдаг бол их тус болмоор санагддаг.


-Балаа хурааж аваад борлуулалтаа сайн хийж чаддаг уу?

-Манайх балыг бол хангалттай хураадаг. Харин боруулалт дээр жаахан асуудал байдаг. Миний хувьд нэг ийм бодол байдаг. Миний хураасан балыг худалдаж аваад, цааш нь савлаад борлуулдаг нэг хэсэг байдаг бол гэж.

Би балаа хураачихаад түүнийгээ борлуулах гээд явахад маш хүндрэлтэй байдаг. Иймээс манай аймаг өөрөө нэгдсэн савлагааны цехтэй байвал зүгээр санагддаг. Шаамар сум гэхгүйгээр аймагтаа нэгдсэн бал савлагааны цехтэй, нэгдсэн нэг хаяг шошготой байвал бүр илүү.

Гадаадаас хүмүүс ирээд өөрөө савлаад авъя гэдэг. Тэгж байхаар бид өөрсдөө дотооддоо савлагаатай байвал бидний нэг брэнд шүү дээ.  

-Баярлалаа.


Т.Самал: Гаднаас орж ирж байгаа зөгийтэй хамт өвчин орж ирэх магадлал маш их


-Зөвлөгөөнд оролцож байгаа сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Хэдэн бүл зөгий өсгөж байна. Борлуулалтаа хэрхэн хийдэг вэ?

-Зөвлөгөөн их үр өгөөжтэй болж байна гэж бодож байна. Зөгийчид ингэж зөвлөлдөөд байдаггүй л дээ. Манайх 35 бүл зөгийтэй. Өвөлжөөнөөс сая гарсан. Би 2009 онд Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагад Шаамар сумын төслийн зохицуулагчаар ажиллаж байгаад зөгийний чиглэлээр ажиллаж эхэлсэн. Одоо ч ажиллаж байна. Олон жил зөгийн чиглэлээр ажиллаж ирсэн болохоор олон харилцагчтай, танилын хүрээнд гэрээсээ  борлуулалтаа хийдэг.


-Зөгийн аж ахуй эрхэлж яваа хүний хувьд цаашид ямар бодолтой явдаг талаараа сонирхуулахгүй юу?

-Миний хувьд цаашдаа зөгийн бүтээгдэхүүнийг орон нутагтаа савлагааны үйлдвэр ажиллуулаад, нэг удаагийн хэрэглээ рүү шилжүүлбэл зүгээр юм уу гэж бодож явдаг. Ялангуяа хүүхдүүд хэрэглэхэд дөхөмтэй нэг удаа хэрэглэдэг сав баглаа боодолтой болговол зүгээр гэж бодож байгаа.


-35 бүл зөгийнөөс хэчнээн хэмжээний бал хурааж байна?

-Байгалиасаа шалтгаалаад жил бүр өөр өөр гарцтай байдаг. Зарим жил тонн гаран бал авдаг. Зарим жил арай хүрэхгүй байх жишээтэй.  


-Сонсоод байх нь ээ. Зөгий маллах тийм амар биш бололтой. Яг мал шиг арчилгаа маллагаа шаарддаг юм уу даа. Бас эмчтэй, өвчилдөг бололтой. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Зөгийн аж ахуйг эрхлэх нь нэлээд нарийн арчилгаа, маллагаа шаарддаг ажил шүү дээ. Маш цэвэр орчинтой байлгах хэрэгтэй. Хаврын цагт үр, хайсаа маш сайн ариутгаад, хавар, намрын цагт эмчилгээ сайн хийх юм бол зөгий өвчлөхгүй.

Бидний өмнө хамгийн их тулгамдсан асуудал бол гаднаас орж ирж байгаа зөгийтэй хамт манай нутагт өвчин орж ирэх магадлал маш их. Тэгэхээр хойноос оруулж ирж байгаа зөгийнд мал эмнэлэг маш их хариуцлагатай, гарал үүслийг нь маш хянаж оруулж ирж байх хэрэгтэй.

Бид зөгийгөө үржүүлж чадаж байгаа тохиолдолд болж өгвөл гаднаас зөгий оруулж ирэх шаардлагагүй гэж би боддог. Орон нутагтаа зөгий үржүүлж байгаа хүмүүсээ дэмжээд, өөр орон нутаг руу худалдах боломж бидэнд бий.

Заавал гадаадаас зөгий, өвчин хамт оруулж ирэх шаардлагагүй гэж боддог.

Харин дотоодынхоо зөгийчдийг дэмжээд, үржүүлээд борлуулах тал дээр л дэмжлэг үзүүлчих юм бол зөгий маш сайн үржинэ.

-Танд баярлалаа.


相关新闻