Холимог багийн аваргаар “Хангарьд” клуб тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-24 13:26:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Н.Батлавын нэрэмжит жүдо бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо.

 

Монголын жүдо бөхийн холбоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан тус тэмцээний сүүлийн өдөр зохиогдсон 8 дахь удаагийн холимог багийн тэмцээнд 13 баг хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ОУХМ Д.Алтансүх, спортын мастер Д.Наранбаатар дасгалжуулагчтай Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн баг түрүүлжээ.

 

Тэд шигшээ барилдаанд спортын мастер Г.Эрдэнэбат дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай Спортын төв сургуулийн багийг 4:1-ээр буулган авснаар холимог багийн тэмцээний алтан медалийн эзэд болсон юм.

 

Тэдэнд ялагдсан спортын мастер Г.Эрдэнэбат дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай Спортын төв сургуулийн баг мөнгөн медалийн эзэд болжээ.

 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин О.Ууганбаатар дасгалжуулагчтай “Мон Алтиус” ахлах сургуулийн баг Монголын жүдо академийг 4:1-ээр, ОУХМ Д.Батсайхан, спортын мастер Э.Энхболд дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг “Боржин төв” клубийг 3:1-ээр ялж хүрэл медаль хүртжээ.

 

Тэмцээний үеэр болсон, сонирхол татсан нэгэн зүйл бол Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Н.Батлав өөрийнх нь нэрэмжит 2023 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нь зохион байгуулахад бүх ар талыг нь дааж ажилласан унаган шавь, "Афин-2004" олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарт хүндэтгэл үзүүлсэн явдал байлаа.


相关新闻