Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэм давж хална
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэм давж үргэлжлэн халахыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
2023 оны 6 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын
нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн
аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн
хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зарим газраар
бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс
секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,
Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5+10 градус, өдөртөө +22+27 градус, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21+26 градус, өдөртөө +34+39 градус,
Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсэг,
Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15+20 градус, өдөртөө +30+35 градус,
бусад нутгаар шөнөдөө +10+15 градус, өдөртөө +26+31 градус дулаан байна. Энэ сарын 23-нд баруун болон төвийн
аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг
сэрүүснэ.