Шувуудын амьдрах орчин, нүүдлийн замын экосистемийг хамгаалах талаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төв Азийн Нүүдлийн зам Санаачилга-Монгол Улсын хэтийн төлөв” олон улсын семинар Улаанбаатар хотод боллоо.
Семинарт олон орны шувуу судлаач, эрдэмтэн, олон улсын ТББ-ын төлөөлөл оролцож, хил хязгааргүй нүүдэллэх
шувуудын амьдрах орчин, нүүдлийн замын экосистемийг хамгаалахад олон улсын
харилцаа, эрдэм шинжилгээний чиглэлд хамтран ажиллахад тулгарч буй сорилт,
боломжийн талаар хэлэлцэв.
Дэлхий даяар ховордож буй биологийн төрөл зүйлийг
хамгаалахад үндэсний Засгийн
газар, ОУБ, үндэстэн
дамнасан, үндэсний болон орон нутгийн ТББ-ууд хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатайг онцлоод, Монгол Улс идэвхтэй
оролцох байр сууриа илэрхийлснийг БОАЖЯ мэдээллээ.
”Шувуу хамгааллын
асуудлаар улс орнууд хамтран ажиллах
нь чухал. БНЭУ-д гэхэд тусгай
хамгаалалттай 1000 орчим газар бий.
Нүүдлийн шувуу хамгаалалд анхаардаг ч тоо нь буурч байгаа нь
харамсалтай. Төв Азийн энэхүү
санаачилгын хэмжээд шувуудын нүүдлийг замд нь хамгаалах боломжтой”-г
Энэтхэгийн Зэрлэг Амьтны Судалгааны Хүрээлэнгийн Др. Сүрэш Кумар илтгэлдээ дурдсан юм. Семинарт Монгол, ХБНГУ,
БНСУ, БНХАУ, ОХУ, БНЭУ, Нидерланд, Швед зэрэг орны 50 гаруй эрдэмтэн судлаач
оролцсон юм.
Ирэх оны хоёрдугаар сард Узбекистан улсад
болох НҮБ-ын Нүүдлийн төрөл зүйлийн тухай конвенц (CMS)-ийн Талуудын бага
хурлыг угтаж, Төв Азийн зам
санаачилгыг дэмжих, үүнд Монгол
Улсын Засгийн газар, олон улсын ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах зорилгоор семинарыг БОАЖЯ, ХБНГУ-ын
Ханнс-Зайделийн сан (HSF), Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC) хамтран зохион байгуулжээ.
Ханнс-Зайделийн сан нь ХБНГУ-ын Бавари мужид төвтэй. Бүс нутагт энх тайван, ардчилал, хөгжил дэвшлийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, CAF санаачилгыг хэрэгжүүлэх, үүнд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжин оролцож байгаа аж.