“Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөгт 5000 оюутан хамарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-19 15:38:30

Энэ жилийн "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ыг "Эерэг хандлага-Эрүүл оюутан"  уриан дор НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр  ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн/ НЭМХ/, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгож, халдварт өвчний тархалтыг бууруулах, оюутан, залуучуудад эрүүл мэндийн үйлчилгээнд хамрах нөхцлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

2015-2016 оны хичээлийн жилд 181 их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 205301 оюутан суралцдаг гэсэн судалгаа гарчээ. Суралцагчдын 46 хувийг эрэгтэй, 54 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Оюутнуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, хоол хүнсний буруу хэрэглээ, хорт зуршил зэргээс хамааралтай эрүүл мэндээ хамгаалах өвөрмөц хэрэгцээ бий болдог. Учир нь эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтаас холдож бие даан амьдрах болсон, өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг зэргээс хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг эрсдэлд өртөх магадлал өндөр болдог аж.

Өнгөрсөн оны эрүүл мэндийн үзүүлэлтээс дурдвал нийт 80.434 эх амаржсаны 5.5 хувийг 20 хүртэлх насны эхчүүд эзэлж байна. Мөн үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош, 70 хувийг 20-34 насныхан эзэлж байна. Өмнөх оныхтой харьцуулахад 20-иос доошхи насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэсэн түвшин 1.5 хувиар буурсан. Мөн бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуус байгаа гэсэн судалгааг мэргэжилтнүүд танилцуулав.

Энэ жилийн “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд НЭМХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран их, дээд сургуулийн удирдлагуудтай нөлөөллийн уулзалт хийх, оюутны эрүүл мэндийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулах, оюутнуудад сургалт, 5000 орчим оюутныг хамруулан өдөрлөг зохион байгуулах, “Оюутны хооллолт, БЗДХ,ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Жирэмсний хяналт” сэдвээр олон нийтэд мэдээлэл түгээх юм. 

Ж.Болор

相关新闻