Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хууль санаачлагчийн илтгэлд дурдсанаар, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдаж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжтой нийцүүлэх асуудлын хүрээнд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Энэхүү хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн тус хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг алба хаах хугацаанд оруулан тооцох, дээрх хугацаанд төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Хоёрдугаарт, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан аж.
Гуравдугаарт, цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд түүний оршуулгын зардал олгогдохгүй байгаа хийдлийг засаж, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт энэ талаарх зохицуулалтыг, дөрөвдүгээрт, цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах насны насны хязгаар хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.
Тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Ганибал, Д.Ганбат, Т.Аубакир нар асуулт асуусан. Тухайлбал, цэргийн эмэгтэй албан хаагчдыг хэрхэн бэлтгэж байна, дайчилгааны бэлэн байдлыг хэр хангаж байгаа тухай, алслагдсан анги, салбарт ажиллаж буй цэргийн албан хаагчдын хүүхдүүдийн боловсролд хэр анхаарч байна, тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчдыг эргэн ажлын байраар хангах боломж бий эсэх талаар асуув. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2021, 2023 онд дайчилгааны болон орон нутгийн хамтарсан сургалтыг зохион байгуулсан. Монгол Улс дайчилгааны нөөц, чанарын хувьд боломжтой хэмжээнд буй. Онцгой нөхцөл байдал үүссэн үеийн эрсдэлийг тооцсон төлөвлөлт, бэлтгэлд анхаарч ажиллаж байна. Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоо. Дэлхийн дундаж 13-15 хувьтай бол манайх 11 орчим хувьтай байна.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмэгтэй албан хаагчид хүйсийн ялгаагүйгээр цэргийн инженер, офицерийн болон ахлагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Алслагдсан анги, салбарын цэргийн албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч эхэлсэн. Харин хүүхдийн боловсролын асуудал хүндрэлтэй. Тухайн орон нутгийнхаа Ерөнхий боловсролын сургуульд суралцахаас өөрөөр шийдэх боломж байхгүй. Албан хаагчийн ихэнх хүүхэд гэрээсээ хол тухайн орон нутгийн сургуулийн дотуур байранд амьдарч сурч, хүмүүждэг. Цэргийнхэн 45 наснаас тэтгэвэрт гардаг. Тэднийг дараагийн амьдралд бэлтгэх талаар тодорхой ажлыг хийж байна. Тухайлбал, мэргэжил, туршлага, чадварыг нь харгалзан тодорхой ажлын байранд ажиллуулахыг эрмэлзэж байна гэв.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.