Монголчууд олимпоос медаль хүртсэний 55 жилийн ой өнөөдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Одоогоос 55 жилийн өмнө буюу 1968 оны аравдугаар сарын 12-нд Мексикийн Мехико хотноо зуны спортын XIX наадам хөшгөө нээж байсан түүхтэй. Анх удаа 100 гаруй орон оролцсон тус наадамд спортын 18 төрөлд 172 багц медалийн төлөө 5516 тамирчин өрсөлдөж байжээ.
Энэхүү олимпоос Монголын тамирчид дөрвөн медаль хүртсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Монголын тамирчин зуны олимпоос анхны медалийг хүртсэн түүхт 55 жилийн ой тохиож байна. Тус олимпод Монголын баг 16 тамирчинтай оролцохдоо нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан юм. 1964 онд анх удаа олимпод оролцож үзсэн монголчууд дөрвөн жилийн дараа Мехикод очихдоо дөрвөн медаль хүртсэн нь энэ.
Тодруулбал, 1968 оны аравдугаар сарын 20-нд буюу олимпын наадмын найм дахь өдөр чөлөөт бөхийн 52 кг-ын жинд Чимэдбазарын Дамдиншарав хүрэл медаль хүртэж, 87 кг-д Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль хүртсэн нь Монголын анхдагч олимпын мөнгө, хүрэл медаль байлаа. Тэдний араас Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпын тэнгэрт анх мандсан түүхтэй билээ.
Монголчууд “Токио-1964” олимпод анх хөл тавьснаас хойш түүхэндээ
зуны спортын их наадмаас хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт
30 медаль хүртээд байна.