Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Буриад Улсын тэргүүн А.С.Цыденовыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-25 09:18:19

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденовыг тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 24-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хэлэхдээ, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлвийг өөдрөгөөр харж байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд талууд нэгдмэл байж, хамтарч ажиллах бүрэн боломжтой. Энэхүү хамтын ажиллагаа нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газраас хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч, боомтын хөгжлийг тэргүүлэх чиглэлд авч үзэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж байна.


Тухайлбал ОХУ-тай хиллэх Алтанбулаг боомтын цогц бүтээн байгуулалтын ажил ирэх оны хоёрдугаар сард бүрэн дуусна. Одоогоор ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх цогцолборын бүтээн байгуулалт дууссан. Түүнчлэн манай улс Монгол-Оросын хилийн нээн ажиллах дэд бүтэц бүрдээгүй Буриад улсын нутаг дэвсгэртэй хил залган оршдог Бага-Илэнх /Айнек гол/, Зэлтэр-Желтура зэрэг боомтыг нээн ажиллуулах хүсэлтэй байгаа. Энэ хүрээнд боомтын суурь судалгаа, ТЭЗҮ-г боловсруулахад Засгийн газар онцгойлон анхаарч байна” хэмээн онцлов.


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгыг хүлээн авч, уулзаж буйд талархал илэрхийлээд, хилийн Алтанбулаг боомтын ачаа тээврийн урсгалыг саадгүй болгох, улмаар 24 цагийн ажиллагаанд бүрэн шилжүүлэхэд Монголын талаас анхаарч ажиллахыг уламжлав. Мөн тэрбээр Монгол Улсаас худалдан авах мах, махан бүтээгдэхүүний импорт ирэх 11 дүгээр сарын дундуур эхэлнэ хэмээсэн юм.


Уулзалтаар талууд хилийн хяналт шалгалтыг хөнгөвчилж, боомтын шалган нэвтрүүлэх хугацааг богиносгох, гаалийн татварыг бууруулснаар худалдааны эргэлтийг эрчимжүүлж, боомтоор нэвтрүүлэх барааны нэр төрлийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.

相关新闻