ОРХОН: Эмэгтэйчүүд өдөрт 6,2 цагийг хөдөлмөрт зарцуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-30 10:08:59
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 30./МОНЦАМЭ/. КОЙКА олон улсын байгууллага, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” хамтран “Улс төр ба жендэр”  уулзалт, сургалт зохион байгууллаа. Уулзалтад нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарт манлайлан оролцож буй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.


Сургалт, уулзалтын зорилго нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмснээр нийгмийн суурь асуудлууд хэрхэн шийдвэрлэх боломжтойг судалгаа, нотолгоо болон бусад улсын туршлагатай харьцуулан мэдээлж эмэгтэйчүүдийг нийгмийн идэвхтэй байхыг уриалахад чиглэсэн юм.


Жендэрийн тэгш бус байдлын индексээр Монгол Улсад эмэгтэйчүүдийн дундаж цалин 1 163 000 төгрөг, Хүний хөгжлийн индексээр, ажиллах түвшний оролцоогоороо 49,9 хувь буюу эрэгтэйчүүдтэй харьцуулбал, 15,3 хувиар бага байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшнээр эрэгтэйчүүд 59,6 хувь бол эмэгтэйчүүдийнх 46 хувьтай байна.


Цаг ашиглалтын судалгаагаар 15 ба түүнээс дээш насны хөдөлмөр эрхэлдэг хүн амын ажлын нэг өдөрт хөдөлмөрт зарцуулж буй дундаж цаг эрэгтэйчүүд 5,9 цаг, эмэгтэйчүүдийнх 6,2 цаг байна.


Эдгээр суурь судалгаанаас эрэгтэй, эмэгтэй хүний хөдөлмөрт зарцуулах цаг хугацаа, дундаж цалин, хөдөлмөр эрхлэлтийн ялгаа их байх тусам эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломж хомс байгааг онцолж байлаа.


Иймд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхийн тулд нотолгоо, судалгаатай мэдээллээр хангах, хамтран ажиллах, улс төр, манлайллын талаарх мэдлэг, ойлголтоо бататгах, өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагчид хүргэх хэрэгтэйг хэлж байсан юм. 

相关新闻