ОРХОН: Ус, дулаан дамжуулах төвийн үйл ажиллагааг автоматжуулж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/6543547b43e2d.jpeg)
Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 2, /МОНЦАМЭ/. Ус, дулаан, эрчим хүчээр хангадаг
байгууллагуудад тулгарч буй бэрхшээл болон энэ онд хийсэн хөрөнгө оруулалтын
ажилтай аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал танилцлаа.
Энэ онд Ус, дулаан дамжуулах
төвүүдийн /УДДТ/ тоног төхөөрөмжийг сайжруулж
бүрэн автоматжуулахад орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллажээ. Орхон аймагт Ус, дулаан дамжуулах 64 төвийн 52 нь ялтсан
бойлуур болон бие даасан системтэй, 12 нь хуучны технологиор ажиллаж байна.
Иймд бүгдийг нь бүрэн автоматжуулж “ЭСКАДА” систем суурилуулан хянах боломжтойг
мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Ингэснээр хаана, ямар доголдол гарч
байгааг урьдчилж мэдэн шуурхай арга хэмжээ авах боломжтой юм.
Эрдэнэт хотыг ус, дулаанаар хангадаг
“Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК өөрийн хөрөнгөөр УДД гурван төвд 180 сая төгрөгөөр “ЭСКАДА”
программыг суурилуулжээ. Үүний дүнд ус, дулаан, халаалттай холбоотой гомдол эрс
багассан байна.
“Эрдэнэт” ДЦС ТӨХК-ийн Дулааны шугам, сүлжээний цехийн
дарга Л.Анхбат хэлэхдээ, “Эрдэнэт Ус, манай байгууллага хамтран техникийн
үзлэг, тохируулгаа хийсэн. УДДТ-ийн 3-1 дээр усны өгөх болон буцах горим хэвийн
байгаа. УДДТ-ийн 3-3 дулаан хангамж талаасаа хэвийн ажиллаж байгаа ч усны
зарцуулалт 16тн/ц байсныг нэмэгдүүлж 21тн/ц болголоо. Айл өрхүүдэд очих халуун ус 55 хэм, халаалт, дулаан +22 хэмээс дээш байгаа гэлээ. Гэхдээ
айл, өрхүүд цонх, хаалгаа дулаалж өвөлжилтдөө бэлдэхийг анхаарууллаа.
Цаашид Ус, дулаан дамжуулах бүх
төвийг ялтсан бойлууртай болгохгүй бол доголдол үүснэ гэж “Эрдэнэт” ДЦС
ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ хэллээ. Мөн Эрдэнэт хотыг дулаанаар хангадаг 600
мм-ийн диаметртэй шугамыг сольж 700 мм болгон өргөтгөсөн. Ирэх жил ашиглалтад орвол
халаалт хэвийн найдвартай болно гэлээ Мөн ирэх жил тус станц зуухаа нэмэхэд
шаардлагатай 5.2 тэрбум төгрөгийн саналыг 2024 оны орон нутийн төсөвт тусгахаар
саналаа хүргүүлсэн байна.