Хуучин байрыг сэргээн ашиглана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан энэ албан тушаалд томилогдсоноос хойшхи нэг сарын дотор хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар нийтэд тайлагнав.
-Өвлийн бэлтгэлд гол анхаарлаа чиглүүлэв. Хадлан бэлтгэлийн төлөвлөгөө урьдчилсан дүнгээр 85 хувьтай. Аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэн хадгалах ажил хийгдэж байна. Төв суурин газрынхны дийлэнх нь нүүрсээ татаж авсан. Төвлөрсөн дулааны системийнхэн нүүрсээ ойрын өдрүүдэд татаж авна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн 360 гаруй өрхөд тэрбум гаруй төгрөгийн хандив тусламж хүртээлээ. Тэд газар, гэр, гэрэл цахилгаан, ундны усаар хангагдлаа. Казахстан Улсаас 200 мянган ам. долларын тусламж ирсэнийг тэдний 50 айлд орон сууц барьж өгөхөөр болж байна. Адра байгууллага, Кувейт, Тайвань улсуудаас тусламж ирэхээр болов гэж Засаг дарга мэдэгдэв.
Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн байр хуучирсан тул ирэх онд шинэ байгууламж баригдахаар болж байгаа бол Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн хуучин хичээлийн байрыг зарахаар зарласныг болиулж, сэргээн засварлан хүүхдийн цэцэрлэг болгон эргүүлж ашиглахаар болж байна. Тус аймаг сурлагын чанараар сүүлдсээр яваагийн гол нэгэн шалтгаан бол сургуулиудын удирдлагын арга барил, хариуцлагатай холбоотой тул энэ салбарт дорвитойхон өөрчлөлт хийж эхэлж байгаа ажээ.
Ш.Айзаря