Өнөөдөр самбочдын баярын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. 1938 оны арваннэгдүгээр сарын 17. Тэртээ 85 жилийн өмнөх энэ өдөр самбо бөхийн спорт үүсэж хөгжсөн бөгөөд энэ өдрийг дэлхий даяар “Самбо бөхийн баярын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тэгвэл 1968 оны хоёрдугаар сарын 9-нд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол Улсад самбо бөхийн спорт хөгжих эхлэлээ тавьсан гэдэг. Монголын самбо бөхийн холбооны анхны ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга агсан Л.Энэбиш (1985-2001) ажилласан бол дараа нь УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир (2001-2010), УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир (2010-2013), ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл 2013 оноос хойш ажиллаж байна.
Монголын самбо бөхийн тамирчид насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальгүй ирсэн түүх ховор. Ираны Тегеран хотод болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Ш.Чанарав анх алтан медаль хүртсэн ба түүнээс хойш манай улсаас 42 алтан медальтан төржээ. Ш.Чанарав агсны авсан алтан медаль нь бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Монголын анхны алтан медаль гэдгээрээ онцлогтой.
Монголоос ДАШТ-д хамгийн олон удаа түрүүлсэн бөх нь
гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од бөгөөд тэрбээр дэлхийн
дэвжээнд таван удаа түрүүлжээ. Түүний араас Г.Жамсран (68 кг), Б.Бат-Эрдэнэ
(-100, +100 кг), О.Балжинням (90, -100), Д.Сумъяа (56 кг) нар ДАШТ-ээс гурван
алтан медаль хүртсэн юм. Тэгвэл манай улс 1974 онд самбо бөхийн ДАШТ зохион
байгуулж байсан бол 1989 онд Дэлхийн цом, 1997, 2018 онд Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч байлaa.