ДАРХАН-УУЛ: Ханиад томуу, амьсгалын замын өвчлөл улбар шар түвшинд хүрээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хүйтний эрч чангарч, бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томууны дэгдэлд нэмэгдэж буйг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж зөвлөмжийг өдөр бүр цахим хуудсаар дамжуулан хүргэж байна. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 114 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 гаруй хувь нь ханиад томуу, амьсгалын замын цочмог халдварт өвчний оноштой байна.
Нэгдсэн
эмнэлгийн хүүхдийн тасаг үндсэн 54 ортой бөгөөд тасгуудад нэмэлтээр ор дэлгэсэн
аж. Цаашид ачаалал нэмэгдвэл халдвартын болон бусад тасагт ор дэлгэх, боловсон
хүчнийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Мөн эм, тарианы тасалдалгүй, эмчилгээ,
үйлчилгээнд ямар нэг хүндрэл үүсээгүй, эрүүл мэндийн байгууллагууд шаардлагатай тусламж
үйлчилгээг хэвийн үзүүлж буйг Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Мөнхбат
онцоллоо.
Түүнчлэн өчигдөр зарим телевизээр Дархан-Уул аймаг ханиад томуу, амьсгалын замын өвчлөлөөр улбар шар түвшинд хүрсэн гэж мэдээлсэн. Харин аймгийн халдварт өвчин судлаачдын хийсэн тандалд судалгаагаар ханиад томуу, амьсгалын замын өвчлөл алаг цоог дэгдэлтийн үе дээр байна гэж гарчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гэртээ гарсан даруйд эмчилгээний дараах асаргаа сувилгаанд эцэг эх, асран хамгаалагчид сайтар анхаарч, хүүхдэдээ шим тэжээлтэй хоол өгөх, халуун бүлээн шингэн сайн уулгах, дархлаа дэмжих бүтээгдэхүүн өгөхийг зөвлөж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад амбулаторийн
өвчлөл 26.8, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо 0.7 промиллоор өссөн аж.