Г.Нарантуяа: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хязгаартай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан байдаг ч хоорондоо ялгаатай ойлголт гэдгийг "Хүний эрх ба сэтгүүл зүй" уулзалт, хэлэлцүүлгийн үеэр онцолж байна.
Учир нь үзэл бодлоо хэвлэл мэдээллээр, ганцаараа, жагсаал цуглаанаар, эсвэл өөрийн гадаад байдлаар илэрхийлэх эрх чөлөө нь хязгаарлагддаг. Ардчилсан нийгэмд энэ хязгаарлалт нь тохирсон стандарттай байхыг хүний эрхийн эрх зүйгээр тодорхойлдог байна. Үзэл бодлоо илэрхийлэхдээ үндэсний аюулгүй байдал, төрийн нууц задлахтай холбоотой эрхийг, мөн нийгмийн хэв журмыг алдагдуулах, худал мэдээлэл тарааж буй үйлдлийг ямар нэг байдлаар хязгаарладаг. Садар самууныг сурталчилсан болон бусдыг үзэн ядаж, гадуурхсан байх ч ёсгүй юм.
Түүнчлэн, баримт, үзэл бодол ялгаатай тул үзэл бодлоо бодит баримтаас ялгах хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь нийгмийн хөгжил, хүмүүсийн үзэл бодлыг дагаад хувьсаж байдаг. Тухайлбал, 20 жилийн өмнө ижил хүйстнийг буруутгаж байсан ойлголт өнөөдөр өөрчдлөгдсөнийг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа дурдаад, “Үзэл бодлоо илэрхийлэх эрч чөлөөг хуульчлах нь амаргүй. Хүний эрх, эрх зүйтэй холбоотой энэ олон хуулийн тэнцвэрийг олж тайлбарлаж байж, ардчилсан улс тулхтай оршино” гэлээ.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойд зориулан зохион байгуулж буй "Хүний эрх ба сэтгүүл зүй" уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, НҮБ, Хэвлэлийн хүрээлэн, Тв9 телевиз хамтран зохион байгуулав. Энэ үеэр НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд тулгамдаж буй асуудал, сэтгүүлчдийн үүрэг, хариуцлага сэдвийн талаар үг хэлсэн юм. Хэлэлцүүлэг “Үл ялгаварлан гадуурхах зарчим ба сэтгүүл зүйн практик”, “Хариуцлага-Хүний эрх ба сэтгүүл зүйн зарчим”, “Цахим орчин дахь иргэдийн дуу хоолой ба мэргэжлийн сэтгүүл зүй” сэдвээр үргэлжиллээ.