ДАРХАН-УУЛ: Онцгой байдлын газар шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай боллоо. Хоёр жилийн хугацаанд барьсан алба хаагчдын шинэ байр нь 1296 м.кв талбайтай таван давхар барилга юм.
Шинэ барилга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх өрөө, аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ажлын албаны өрөө, 40-50 хүний багтаамжтай алба хаагчдын сургалтын танхим, аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын хурлын танхим, ажлын албаны өрөөтэй ажээ.
Мөн шуурхай албаны дөрвөн автомашин байрлах багтаамжтай авто зогсоол, дулааны узель, цахилгааны, холбооны өрөө, агуулах зэргийг багтаасан иж бүрэн цогцолбор барилга аж.
Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцсон бөгөөд нээлтийн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын албыг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, техник хэрэгслийг шинэчлэхэд онцгой анхаарч ирсний нэгэн жишээ нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын өргөтгөлийн шинэ барилга юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж буй энэхүү барилгыг 2022-2023 онд буюу хоёр жилийн хугацаанд барьж, өнөөдөр алба хаагчид шинэ байрандаа үүргээ гүйцэтгэж эхэлж байгаад талархалтай байна.
Удахгүй 2024 онтойгоо золгох гэж
байна. Учран золгож байгаа 2024 он хүн ард нь амгалан тайван, эрсдэл, эндэгдэлгүй байхын ерөөл өргөж нийт
алба хаагчдынхаа ажилд
нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.