ДАРХАН-УУЛ: Аймгийн аварга шалгаруулах “Адуучин-2023” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-26 16:43:34

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Эрчүүдийн ид хав, авхаалж самбааг шаардсан “Адуучин-2023” тэмцээн боллоо. Аймгийн аварга шалгаруулах уг тэмцээнд Дархан-Уул аймгийн харьяат 59 залуу оролцож, идэр ес эхэлсэн өдрүүдийн хүйтнийг үл ажран хурд, хүчээ сорьжээ.




Хонгор сумын нутаг “Дархан-Түлээт хайрхны бэлд зохион байгуулсан тэмцээн ташуур шүүрэх, морьтой болон явган бугуйлдах, эмнэг сургах гэсэн төрлөөр болж аваргаа тодруулсан байна.




Тэмцээний тэргүүн байрт Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн адуучин Б.Бямбасүрэн хурдан удмын хязаалан үрээ, хоёрдугаар байрт Дархан сумын арванаймдугаар багийн адуучин Х.Буянтогтох шалгарч 800 мянган төгрөг, гуравдугаар байрт Хонгор сумын хоёрдугаар багийн адуучин М.Гантуяа шалгарч 500 мянган төгрөгөөр шагнуулжээ.




Малчин түмний ур ухаан, уламжлалт өв соёлыг хадгалсан уг тэмцээнийг ирэх жилээс аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.




Тэмцээний аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлгийн газар ажиллалаа.




Ташрамд, аймгийн аварга шалгаруулах “Адуучин-2023” тэмцээнийг аймгийн ЗДТГ, аймгийн Адуучдын холбоо хамтран амжилттай зохион байгуулж, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын ажлын алба дэмжин ажиллажээ.



相关新闻