ДАРХАН-УУЛ: Шилдэг ерөнхий инженерээр Б.Батжаргал тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын цахилгаан, эрчим хүчний салбарын шилдэг ерөнхий инженерээр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргал шалгарчээ. Төвийн бүсийн цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, салбар нэгж, баг хамт олноо удирдан манлайлж ажилласан тул ийнхүү шилдэг инженерээр шалгаруулж, шагналыг ЭХЯ-ны хүндэтгэлийн танхимд сайд Б.Чойжилсүрэн гардуулав.
Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь өнгөрсөн онд айл өрх, ААНБ-д ухаалаг тоолуурын системийг бүрэн нэвтрүүлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлуудад голлох үүрэг гүйцэтгэж ажиллажээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын Эмээлтийн цахилгаан хангамжийн нэг хэлхээтэй шугамыг хоёр хэлхээтэй болгох, шинэ цэвэрлэх байгууламж руу шугам татах ажлыг хийж гүйцэтгэсэн аж.
Шинэ техник, технологи нэвтрүүлэн ажилладаг тус компани 10 киловольтын төмөр бетон тулгуур дээр 35 киловольтын сип утас татах шинэ шугамын ажлыг Төв аймгийн Заамар суманд хийж хэрэгжүүлжээ.
Эрчим хүчний салбарын хувьд хүнд жил болж өндөрлөсөн бөгөөд бүгдийг даван туулах, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээний тэнцвэр алдагдсан энэ цаг үед хичээн ажиллаж буйг шилдэг инженер онцоллоо.
Ажлын гараагаа монтёроор эхэлж байсан тэрбээр 30 гаруй жил энэ салбартаа
ажиллаж, 11 жилийн дараа буюу хоёр дахь удаа Монгол эрчим хүчний салбарын
шилдэг инженерээр тодорч ажлын бүтээмжээ үнэлүүлж байна.