ДАРХАН-УУЛ: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тав нь сэхээнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-03 21:13:31

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 107 хүүхэд эмчлүүлж байна. Үүнээс таван хүүхэд сэхээнд, халдвартын тасгийн нэг давхарт 14 хүүхэд ханиад, томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хэвтэн эмчлүүлж байна.


Ханиад болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.


Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудыг мэргэжлийн эмчийн зааврын дагуу хийхийг зөвлөж байна.


Ханиад, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн арга нь амин дэм, илчлэг ихтэй хоол өгөх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, хичээл давталт, амралтаа зохицуулж, улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байхыг зөвлөж байна.

相关新闻