Амралтын өдрүүдэд дараалсан барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-10 13:52:46

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр нэгдүгээр сарын 13-нд тохиож буй. Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан энэ бямба гаргийн 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. УИХ-ын Тамгын газар, Монгол бөхийн өргөөтэй хамтран зохион байгуулдаг уг барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгосон байдаг.


Энэхүү барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын заан С.Хүрэлбаатар авч, Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ. Барилдааныг 2011, 2013, 2021 онд тус тус өнжсөн юм. Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлжээ.


Тэгвэл 2010 онд улсын аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлсэн нь улсын цолгүй бөх тус барилдаанд түрүү авсан анхны тохиолдол болсон юм. Харин дөрвөн жилийн өмнө улсын заан М.Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлснээр энэхүү барилдаанд түрүүлж үзсэн хамгийн бага цолтой бөхөөр тодорчээ. Өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, заан М.Лхагвагэрэл үзүүрлэв.


Маргааш нь буюу энэ сарын 14-нд “Талх Чихэр” хувьцаат компанийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

相关新闻