ДОРНОГОВЬ: Аймгийн Онцгой комиссын ажлын баг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-23 13:27:01

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Шинэ он гарснаас хойш Дорноговь аймгийн нийт нутгаар цас орж,  зарим газраар өвөлжилт дахин хүндрээд байна.


Зудын эрсдэлийн үнэлгээгээр Дорноговь аймгийн нийт нутгийн 75 хувьд нэн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сум цас ихтэй байгаа юм.


Аймгийн Онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад өвс тэжээл, эм эмнэлгийн тусламж болон бусад шаардлагатай үйлчилгээг хүргэхээр Ажлын гурван баг аймгийн хойд сумдад ажиллахаар өнөөдөр замд гарчээ. Эхний Ажлын баг Мандах Сайхандулаан сумын чиглэлд малчдад тусламж хүргэхээр гарсан бол Хил хамгаалах ерөнхий газрын томилгоотой хоёр бүлэг, аймгийн Онцгой комисстой хамтарсан Ажлын баг Дэлгэрэх сумын чиглэлд хөдөлсөн байна.


Харин Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын хамтын ажиллагааны хүрээнд Зүүнбаянгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас томилогдсон хоёр бүлэг Иххэт суманд ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлж Иххэт, Дэлгэрэх сумын малчдад хүргэж эхэлжээ.


Дээрх томилгоот Ажлын баг өвөлжилт хүндэрсэн малчдын айл өрхөөр орж тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Улсын Онцгой комиссоос Дорноговь аймагт зам зүсэх, зам гаргах зориулалттай авто грейдер болон Иххэт сумын түргэн тусламжийн үйлчилгээнд зориулж “ЛАНД-77” авто машиныг тус тус шийдвэрлэж, цагаа олсон чухал ажил болсонд нийт малчдынхаа нэрийн өмнөөс талархаж байна хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

相关新闻