Эрүүл мэндийн сайд ЧД, ХУД-ийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-28 15:30:28

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Төв болон Бага тойруу салбарын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, үйлчлүүлэгч, ажилтнуудын санал, сэтгэгдлийг нь сонслоо.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва байгууллагын үйл ажиллагааны талаар болон тулгамдаж буй асуудал, тэр тусмаа эмнэлгийн зориулалтын бус барилгатай, хоорондоо хол байрладаг, гэр хорооллын иргэдээсээ хол, зарим барилгууд нь нурж актлагдан хувийн хэвшлийн байр түрээсэлдэг, зориулалтын байртай болох талаар 2009 оноос хөөцөлдсөн талаар танилцуулав.

Тус төв нь 1997 онд анх байгуулагдсан, 227 ортой нэгдсэн эмнэлэг, “Хайлааст”, “Бага тойруу” салбарын барилга нь эмнэлгийн зориулалтын бус, хүн амын 80 гаруй хувь оршин суух гэр хорооллын иргэдээсээ хол, хоорондоо салангид байрлалтай зэрэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээний технологи, чанарт сөргөөр нөлөөлж байгаа талаар хэлж байлаа. Ажлын хэсгийнхэн тус төвийн хүлээн авах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн үйлчилгээтэй танилцаж иргэд болон эмч ажилчдыг төлөөллийн сэтгэгдлийг сонссон юм.

Үүний дараа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллав. Тус эмнэлэг нь 180 ортой, жилд дунджаар 8600 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд яаралтай тусламж, дотор, мэдрэл, хүүхэд, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Эрүүл мэндийн сайд, Эдийн засаг хүнд байгаа энэ үед өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан эмнэлгийн байр, орчноо сайжруулж загвар эмнэлэг болохуйц ажиллаж байгаад эмнэлгийн удирдлага болон ажиллагсдад талархал илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд эмч, ажилтнуудтай уулзаж  2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын хувьд аливаа өвчин эмгэгээс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах,  тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн  хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах,  тусламж үйлчилгээний чанартай уялдсан  санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлэн ажиллахаа хэллээ.

相关新闻