Түрүүлсэн бүргэдчин өндөр шагналтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт бүргэдчидийн баяр наадам аравдугаар сарын 1-2-нд зохиогдоно.
Баян-Өлгий аймаг 400 орчим бүргэдчинтэй. 17 дахь удаагийн уламжлалт энэ наадамд гадаадын 400 орчим жуулчид оролцох төлөвтэй. Америкийн монгол иргэн, «Номадик экспедишнс» компанийн захирал Жалса Урубшуров энэ наадмыг жил болгон ивээн тэтгэж байгаад бүргэдчид урамтай байна. Энэ удаагийн наадмаар эхний байранд тавыг нь шалгаруулаад, түрүүлсэн бүргэдчинд жил жилийнхээс өндөр шагнал, бусад бүргэдчдэд ч урамшуулал олгоно. Иймд шалгаруулалтыг улам нарийн болгоно. Тухайлбал арван сарын нэгний өглөө орон нутгийн арван цагт бүргэдчдийг баярын жагсаалд бүргэд, морьтой нь оролцуулж байж мандат олгоно. Баяраар хурдан, жороо морины болон тэмээний уралдаан, сур харвааны болон мөнгө шүүрэх, «хүүхэн хөөх», тулам булаалдах зэрэг ардын тоглоом тэмцээн, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Ш.Айзаря