Өсвөрийн барилдаанд Б.Баднаанямбуу түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-06 09:12:38

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.  XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан өсвөрийн бөхчүүдийн барилдаанаар үргэлжиллээ. Өсвөрийн бөхийн барилдаанд 160 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б.Баднаанямбуу түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат С.Мөнхүслэн үзүүрлэв. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат О.Мөнгөн-Эрдэнэ гуравт шалгарсан байна.


Харин шөвгийн тавд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаярын дүү Буянтогтох, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Өрнөхбаяр нар үлджээ. Тус барилдааныг Монголын хүүхдийн ордон, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлалтай.


Уран барилдааны шагналыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Р.Омар, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Өрнөхбаяр гардсан бол, уран гараа дэвээтэй бөхөөр Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Э.Сэрдамба нар шалгарчээ.  


Сар шинийн цуврал барилдаан өнөөдөр аймгийн начин цолтнуудын барилдаанаар үргэлжилнэ. 

相关新闻