Биатлонч Э.Энхсайхан залуучуудын дэлхийн аваргад өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сар шинийн баяртай зэрэгцэн монголчуудаа баярлуулж Монголын биатлоны спортын түүхэнд анхны олон улсын тэмцээний түрүүг хүртсэн, олон улсын хэмжээний мастер Э.Энхсайхан залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тус тэмцээн энэ сарын 23-нд Эстонийн Отепаа хотод эхлэх бөгөөд ирэх сарын 2-нд өндөрлөнө.
Тэгвэл манай биатлонч Э.Энхсайхан өнөөдөр насанд хүрэгчдийн ДАШТ (Nove-Mesto World championship)-д өөрийн зай болох 20 км хувийн гараанд оролцож чансаагаа тогтоох юм. Улмаар насанд хүрэгчдийн ДАШТ-д албан ёсоор анх удаа өрсөлдөнө.
Польшийн Якушице
хотод болсон залуучуудын Европын аваргад оролцон төрийн дууллаа эгшиглүүлсэн түүнийг
олон улсын спортын хэвлэлүүд онцолсоор байгаа юм.