Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлэг эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-19 17:11:01

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагч, иргэдтэй уулзлаа.


Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргээс эхлүүлсэн юм.


Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар, “Нийслэлд 1.7 сая иргэн амьдарснаар түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, төлөвлөлтийн алдаа гээд олон асуудал урган гарсан. Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ажиллаж, замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлан, тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж бүрдсэн. Улаанбаатарт 437 мянган өрх байгаагаас 51 хувь нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд амьдардаг. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг багасгахаар 6 дэд төв байгуулж байгаа. Ингэснээр хотын түгжрэл 36, агаарын бохирдол 22 хувиар буурах тооцоо бий.

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилгыг энэ онд, мөн дээрх хуулийн хүрээнд ирэх сараас газар чөлөөлж эхэлнэ. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 2500 орчим айлын газрыг чөлөөлж, 18 мянган айлын орон сууц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.


Түүнчлэн Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл 17.7 км метро барих ажлыг эхлүүлнэ. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр дүүжин тээврийн төслийг гуравдугаар сард эхлүүлж, ирэх оны хоёрдугаар улиралд эхний шугамыг ашиглалтад оруулна. Тойрог хурдны замыг хоёр хувилбараар төлөвлөсөн. БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй зээлээр зургаан нүхэн байгууламж барихаар төлөвлөсний гурвыг нь энэ онд ашиглалтад оруулна. Хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүрэг рүү шилжүүлсэн нь үр дүнтэй байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ирэх сарын 1-нээс дүүрэг рүү шилжүүлнэ. Дүүргийн зарим чиг үүргийг хороод руу шилжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.



Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, "Манай дүүрэгт 91 мянган өрхийн 342 мянган иргэн амьдардаг. Монгол Улсын хүн амын 13, нийслэлийн иргэдийн 23 хувь нь амьдардаг гэсэн үг. Мөн 60 мянган түр оршин суугч бий. Дүүргийн нэгдсэн эмнэлгээр өдөрт дунджаар 1320 хүн үйлчлүүлдэг. 68 цэцэрлэгтэй. Барьж буй 12 цэцэрлэг бий. Бидэнд 6 сургууль шаардлагатай”-г танилцуулав. 


65 дугаар сургуулийн захирал Ч.Хишигмаа, “Дунд сургуульд багш хүрэлцээгүй, ялангуяа бага ангийн багш олдохгүй, тэтгэвэрт гарсан багш, мөн оюутнуудыг ажиллуулж байна. Залуу багш нарт нийгмийн асуудал, тэр дундаа орон сууц хүндрэлтэй байдаг”-ийг хэлж байлаа. 


Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд гэрээсээ 15-20 минутын зайд бүх үйлчилгээ авах боломжтой байх төлөвлөлт, хүний нөөцөө татах бодлогоо танилцуулахыг нийслэл болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудад үүрэг болгосныг НКДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

 

相关新闻