Газрын ховор элементийн мэргэжилтэн эрэлттэй байх судалгаа гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-06 17:33:18

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Манай улсад ойрын 5 жилд техникийн ажилтан, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбар, гар урлал, суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч зэрэг ажил мэргэжил эрэлттэй байх судалгаа гарчээ.


Эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа, салбарт хамаарах салбар хооронд шилжин ажиллах боломжтой ажил мэргэжилд:

  • Менежер, оффис, контор, үйлчилгээний ажилтан,
  • Худалдаа, үйлчилгээний ажилтан орж байна.


Энэ талаар “MMCG’’ компанийн судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн өнөөдөр МҮХАҮТ-д болсон ‘’Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал’’ судалгааны дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг дээр мэдээллээ. Тэрбээр, дунд хугацаанд уул уурхайн салбарт газрын ховор элементийн мэргэжилтэн эрэлттэй байх судалгаа гарсныг танилцууллаа.

Дээрх компани судалгааг ХНХЯ-ны захиалгаар хийж, эдийн засгийн салбараар ажил мэргэжлийн 2035 он хүртэлх трендийг гаргаж, жил бүрийн салбар ажил мэргэжлийн матрицыг тооцоолжээ. Үүнийг эдийн засгийн 19 салбар, 10 гол ажил мэргэжлийн ерөнхий ангиллаар хийсэн байна.

Судалгааны зөвлөх баг цаашид авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийн төслийг 5 бүлэг, 30 гаруй үйл ажиллагааны хүрээнд боловсруулжээ.


ХНХЯ-наас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уулзалтад оролцогч нарт танилцуулж, санал авлаа. Хуулийн төсөл нь эдийн засгийн өсөлт, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршиж байна.

Мөн хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлж, ажилгүйдлээс хамгаалуулах эрхийг хангах юм гэдгийг ХНХ-ын дэд сайд С.Зулпхар хэллээ.


相关新闻