Харцгуудын дараалсан амжилт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-11 11:29:03

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сард олон барилдаан болж байна.


Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын харцага Г.Бадрах, Б.Зоригтбаатар нар түрүүллээ.


Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах улсын начин А.Хатансайханы нэрэмжит барилдаанд түрүүлсэн юм. Ингэснээр тэрбээр улс, аймгийн цолтой бөхчүүд оролцсон хоёр барилдаанд дараалан түрүүлэв. Түүний хувьд найм хоногийн өмнө болсон улсын начин Д.Багахүүгийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн билээ.


Харин улсын харцага Б.Зоригтбаатар өчигдөр болсон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат улсын начин Л.Дашдаваа агсны нэрэмжит барилдаанд түрүүлэв. Түүний хувьд хоёр өдөр дараалан түрүү, үзүүр булаалдсан нь энэ бөгөөд А.Хатансайхан начны нэрэмжит барилдаанд үзүүрлэсэн юм.


Сонирхуулахад, Л.Дашдаваа агсан нь улсын хоёр удаа зургаа, нэг удаа тав, найман удаа дөрөв давсан бөх юм. Хэдийгээр хоёр удаа зургаа давсан ч түүнд харцага цолыг нөхөн олгоогүй ажээ. 



相关新闻