Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар 70 нас хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Эрүүл мэндийн газар үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тус байгууллага 1946 онд эмнэлэгийн хэлтэс нэртэйгээр байгуулагдан, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбарын материаллаг баазыг бэхжүүлэн мэргэжлийн боловсон хүчнээр хангахад чиглэн үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Аймгийн Эрүүл мэндийн удирдах байгууллага 70 жилийн хугацаанд үндсэн 3 үе шатыг дамжин хөгжиж ирсэн гэж түүхт ойн хүндэтгэлийн хуралд ЭМГ- ын дарга Ц. Энхсайхан илтгэлдээ дурьдсан юм. Тодруулбал, 1941- 1960 онд Дундговь аймгийн эрүүлийг хамгаалах байгууллагын салбарууд үүсэн байгуулагдсан бол 1961- 1990 он эмнэлэгүүдийн материаллаг бааз бэхжин, анхан болон хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээ хөгжсөн үе байсан. Харин гуравдахь үе буюу 1990 оноос хойш оношлогоо эмчилгээнд орчин үеийн шинэ техник, технологи нэвтэрч, нотолгоонд суурилсан анагаах ухаан хөгжиж буй үе болж байна.
Эхэн үедээ сувилагч, бага эмчийн дадлага эзэмшсэн цөөн тооны ажилчид морь тэмээ унан ард иргэдэд эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж байсан бол 1950- иад онд ажилчдынхаа хүчээр тоосго цохиж эмнэлэгийн анхны барилгыг барьсан. Улмаар 1960- аад онд улсын төсвийн хөрөнгөөр 50 ортой больниц барьж, 10 гаруй эмчтэй болж байсан бол 1968 он гэхэд өдөрт 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай эмийн сан, амбулаторийн 2 давхар барилга, хүүхдийн 25 ортой больництой болсон байна.
1980 онд эмчилгээний тасгуудаа нэгтгэн ажиллуулах боломжтой 90 ортой эмнэлэг, халдварт өвчний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх 40 ортой эмнэлэгийг тус тус ашиглалтад хүлээн авч, эмнэлэгт шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, ЭХО, рентген, дурангийн оношлогоо, зүрхний алсын зайн оношлогоо, лаборторийн орчин цагийн тоног төхөөрөмжтэй болжээ.
2008- 2013 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төсөл Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарт түүхэн том хөрөнгө оруулалт хийснийг ЭМГ- ын дарга мөн илтгэлдээ онцолсон юм. Төсөл хэрэгжих хугацаанд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 3 сумын эмнэлэг, аймгийн төвд амбулаторын барилгыг шинээр барьж, сум, өрхийн эмнэлэгүүдийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байна. Мөн Мянганы сорилтын сан, Японы Ниппон сан, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Тогтвортой амьжиргаа” төсөл, Италийн Водафана ТББ зэрэг олон улсын төсөл хөтөлбөрүүд эрүүл мэндийн салбарын хөгжилд ихээхэн түлхэц өгснийг тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар аймгийн эрүүл мэндийн салбар зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт 87 хувь, оношлогоо эмчилгээний стандартын хангалт 85, хүний нөөцийн хангалт 96 хувьд хүрсэн байна. Өдгөө энэ салбарт 700 гаруй эмч, эмнэлэгийн ажилчид хөдөлмөрлөж, 45 мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.
ЭМГ- ын түүхт ойн хүндэтгэлийн хуралд ЭМЯ- ны ахлах мэргэжилтэн А.Өнөржаргал хүрэлцэн ирж, тус салбарын сайд А.Цогцэцэгийн мэндчилгээг уламжилсан юм. Эрүүл мэндийн сайд мэндчилгээндээ, Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олон эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдлийг улс, аймгийн дундажаас доогуур түвшинд хүргэж буй үзүүлэлтээр Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулж буйг нь тэмдэглээд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд 70 жилийн нөр их хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн салшгүй түүхийг бичилцэж яваа тус аймгийн эрүүл мэндийн салбарын үе үеийн алба хаагчдад ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсчээ.
70 жилийн ойн хүндэтгэлийн хуралд Эрүүл мэндийн газрыг үе үед удирдаж явсан дарга нар уригдан ирсэн байна. Тэдний нэг 1960- 1962 онд ЭМГ- ын даргаар ажиллаж байсан, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Г. Батчулуун “56 жилийн дараа Дундговь аймагт хүрэлцэн ирсэндээ сэтгэл ихэд хөдөлж байна. Би 1960 онд хүний их эмч болоод Дундговь аймагт ЭМГ- ын даргаар томилогдон ирж байсан. Тэр үед 3 их эмчийн салбартай. Хүүхдийн больниц, сүрьеэгийн диспансертай болж байлаа. Тэр үед хамтран ажиллаж байсан нөхдөөс өнөөдөр цөөн үлдсэн нь харамсал төрүүлж байгаа ч тэдний дүр төрх, ажил хөдөлмөрийн эрч хүч нь зүрх сэтгэлд тод байна” хэмээн дурсамж хуваалцаад “Бидний үеийн ахмадуудын ажил мэргэжлийн туршлага үе үеийн эрүүл мэндийн салбарынхны мөнхий дархлаа болно гэдэгт итгэдэг” хэмээв.
Аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон түүхт ойгоо ийнхүү 70 жилийн хөгжил дэвшил, ололт амжилтаа тодотгон, үе үеийн ажилтан албан хаагчдынхаа уулзалт, дурсамж дурдатгалаа хуваалцах мөч болгон тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Т. Отгонтуяа