Гэр хороололд байгальд ээлтэй 1500 ариун цэврийн байгууламж барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-03 11:07:37

Азийн хөгжлийн банкны 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нийслэлийн гэр хороололд байгальд ээлтэй 1500 ширхэг ариун цэврийн байгууламж барих болжээ.

Монгол Улсын нийт хүн амын дөрөвний нэг нь нийслэлийн захын гэр хороололд амьдардаг. Захын гэр хороололд суурин газрын дэд бүтцийн хүртээмж сул,бохирыг цэвэрлэх тохиромжтой шийдэл байдаггүй учир нүхэн жорлон хэрэглсээр байна. Үүнээс улбаалан халдварт өвчний тархалт нэмэгдэж, хөрс, усны бохирдлын эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тиймээс БОАЖЯ, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл хэрэгжүүлэх болжээ.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 12, 13 хороод болон Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 1500 ариун цэврийн байгууламж суурилуулах юм. Ингэснээр төвлөрсөн менежментийн сүлжээнд холбогдоогүй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулан, бохир цэвэрлэх, зайлуулах, ариутган боловсруулах ажиллагааг боловсронгуй болох юм. Төсөл ирэх оны нэгдүгээр сараас 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.

Ч.Ариунболд

相关新闻