Дундговь аймаг 143 тэрбум төгрөгийн өмч хөрөнгөтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-03 12:20:09

Дундговь аймаг 143 тэрбум 306 сая төгрөгийн өмч хөрөнгөтэй. Үүнийг 126 төсөвт байгууллага, 19 Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар эзэмшиж байна.Дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийг тоолж бүртгэдэг бөгөөд 2016 онд явуулсан ээлжит тооллогоор Дундговь аймгийн өмч хөрөнгө ингэж бүртгэгджээ.

 Үүнээс барилга байгууламж нь 98 тэрбум 918 сая төгрөг, машин тоног төхөөрөмж 11 тэрбум 840 сая, тавилга, эд хогшил 12 тэрбум 840 сая төгрөгийнх байгаа бол 5 тэрбум 918 сая төгрөгийн нийтийн эзэмшлийн зам талбай, гэрэлтүүлэг, хашаа, 5 тэрбум 651 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 4 тэрбум 388 сая төгрөгийн худаг услалтын системийг эзэмшиж байна.

11 байгууллага 166 сая төгрөгийн өмч хөрөнгийг бүртгээгүй, 7 байгууллага 64 сая төгрөгийн өмч хөрөнгө дутагдуулсан зөрчлийг тооллогын явцад илрүүлсэн бөгөөд хөрөнгийг анхан шатны материалгүй хүлээн авдаг, тусламжаар ирсэн хөрөнгийг бүртгэдэггүй, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хувь хүн болон өөр аж ахуйн нэгж байгууллагын нэр дээр бүртгэлтэй, барилгын байршлын схем, хувийн хэрэг байхгүй, сум, байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл нь өмчийн ашиглалт, чанар, бүрэн бүтэн байдалд хяналт тавьдаггүй, зөвхөн өмч хөрөнгийг актлахад дүгнэлт өгөх төдийгөөр ажилладаг гэх зэрэг хэд хэдэн дутагдал байгааг аймгийн Өмчийн албанаас мэдээлсэн юм. Мөн 22 байгууллагад 771 сая 800 мянган төгрөгийн ашиглагдаагүй илүүдэл хөрөнгө хадгалагдаж байна гэлээ.

2013 онд аймгийн Өмчийн алба өмч хөрөнгийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор тооллого явуулахад 71 тэрбум 595 сая төгрөгийн хөрөнгө бүртгэгдэж байсан бол түүнээс хойш өмч хөрөнгө ийнхүү хоёр дахин өсчээ.

Т. Отгонтуяа         

相关新闻