Н.Энхбаяр: ДНБ-ий бүтцэд уул уурхайн салбар 25.1 хувийг эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд өнөөдөр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр хууль зүйн үндэслэлд тулгуурлан эдийн засаг, төсвийн өнөөгийн байдал, макро эдийн засгийн загвар, таамаглал, гадаад дотоод орчны эрсдэлт хүчин зүйлсэд хийсэн дүн шинжилгээг танилцуулав. Тэрбээр Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн төлөв байдлын хүрээнд эдийн засгийн бодит өсөлт, гадаад худалдааны эргэлт, экспортын хэмжээ, өөрчлөлтийг танилцуулж, өнгөрсөн оны байдлаар нийт экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг дурдлаа.
Түүнчлэн 2008 оны байдлаар ДНБ-ий бүтцэд хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарын эзлэх хувь эн тэнцүү байсан бол 2022 он гэхэд уул уурхайн салбар дангаараа 25.1 хувийг эзэлсэн байна. Зөвлөлийн гишүүдийн зүгээс Монгол Улсын макро эдийн засгийн 2025-2027 оны таамаглалын суурь хувилбарыг боловсруулахдаа макро эдийн засгийн үндсэн хоёр загварыг ашиглаж, гадаад дотоод орчны нөлөөлөл, эрсдэлийг тооцож, түүнийг бууруулахад анхаарснаас гадна уг тооцоолол нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэж байлаа. Ингэхдээ ирэх жилүүдийн ДНБ-ий өсөлтийн таамаглалыг хувиар харуулж, төсвийн орлого зарлага, тэнцлийн таамаглалыг гарган, Монгол Улсын төсвийн зарлагын дээд, доод хязгаарыг тодорхойлжээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийн мэдээлснээр, дэлхийн улс төр, олон улсын геополитикийн нөхцөл байдал, хөрш орнуудын эдийн засгийн төлөв, өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь гадаад орчны нөхцөл байдалд хамаарах бол эдийн засгийн бүтэц, төсвийн тэлэлт, төсвийн орлогод уул уурхайн салбарын эзлэх хувь зэрэг үзүүлэлтүүд дотоод орчны эрсдэлд багтах аж. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд зааснаар, зөвлөлийн гишүүдийн зүгээс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тооцоог холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх юм.
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос төсөв, санхүүгийн цогц шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу төсвийн ил тод, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, санхүү, төсвийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулалтаас сонгогдсон 7 гишүүнтэйгээр байгуулсан. Уг зөвлөлийн үндсэн чиг үүрэгт төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд дүн шинжилгээ хийж, эдийн засгийн төсөөлөл, таамаглал боловсруулах, төсвийн зарлага болон нийтийн санхүүгийн реформыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүгнэлт, зөвлөмж гаргах, холбогдох шийдвэрийн үр нөлөөллийг олон нийтэд таниулах зэрэг багтаж буй.