“Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриатай аянд Монгол Улс нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-28 15:27:48

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриатай Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяны хүрээнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодт болон Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба хамтран мэдээлэл хийлээ.


Зам тээврийн ослын улмаас дэлхий дахинд жил бүр 1.19 сая хүн амь насаа алдаж, маш олон хүн хүнд гэмтэж байна. Энэхүү дэлхийн нийтийг хамарсан эмгэнэлт явдлын 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог. Ялангуяа 5-29 насны залуучууд сургууль, гэр хоорондох авто замын осолд хамгийн их өртөж, хүнд бэртэж, гэмтэх, тахир дутуу болох цаашлаад зуурдаар амь насаа алдах шалтгаануудын нэг болж байгааг олон улсын байгууллагын замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаанд тусгажээ.


Харин манай улсад зам, тээврийн ослоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүн ам тутамд 16 байна. Номхон далайн баруун бүсэд дунджаар 100 мянган хүн амд 15.4 байдаг бол Европт 6.7 байгаа аж.


Дэлхий нийтэд тулгамдсан энэхүү асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодт JCDecaux -тай хамтран, Saatchi&Saatchi компанийн дэмжлэгтэйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах, таниулах зорилгоор “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриан дор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяныг эхлүүлжээ.


2030 он гэхэд зам тээврийн ослоос шалтгаалсан хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой юм. НҮБ-ын санаачилсан энэхүү аянд манай улс нэгдэж байгаа бөгөөд энэхүү аяныг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажээ. Тэгвэл тэд энэхүү аяндаа 80 улс, 1000 хотыг хамруулахаар төлөвлөсөн байна.

相关新闻