Эмийг жороор олгосноор зохистой хэрэглээг бий болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2016-10-04 17:49:19

Антибиотикийн зохистой хэрэглээг дэмжих зорилготой “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулья” аяны нээлт өнөөдөр Улсын төв хоёрдугаар эмнэлэгт боллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Антибиотикийн талаархи мэдлэгийг сайжруулах” аянг ирэх сарын 14-21-ны өдөр зохион байгуулах гэж буй бөгөөд манай улсад энэ сарын 4-нөөс эхлэн ирэх сарын 30 хүртэл хоёр сарын хугацаатай аяныг зохион байгуулахаар боллоо. 

Уг аяныг ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлтэнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор Г.Баясгалан, Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг болон бусад албаны хүмүүс, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар оролцлоо.

Тус аяны хүрээнд “Антибиотикийг жорын дагуу хэрэглье, антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийг иргэдийн дунд зохион байгуулж, зүүн бүсийн оношилгооны төв болон нийслэлийн 1, 2, 3-р шатлалын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд “Антибиотикийг жороор бичиж, олгох хариуцлагыг дээшлүүлье” сургалт зохион байгуулж мөн иргэдэд антибиоткийн буруу хэрэглээний хор уршгийг таниулах, эмийг зохистой хэрэглэх талаар мэдээлэл хүргэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор Г.Баясгалан “Манай иргэд антибиотикийг замбраагүйгээр, зохистой хэрэглэж хэвшээгүйгээс болж нянгийн тэсвэржилт бий болж байна. Ингэснээр нянгийн гаралтай өвчнийг эдгээхэд улам хүндрэлтэй болж байна. Эмийг жороор олгосноор энэ асуудлыг шийдэх боломжтой. Антибиотикийн зөв зохистой хэрэглээг бий болгоход эмч, эмийн санч, иргэдийн оролцоо чухал байна” гэлээ.

Монгол Улсад түгээмэл хэрэглэгдэж буй антибиотикууд боллох амоксиллин, ампиуллин, цефазолин зэрэг эмүүдэд нийт нянгуудын 90 хувь нь тэсвэржилттэй байдаг байна.

Н.Туяа

 

相关新闻