Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг Сенатын танхим баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-24 09:58:20

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /CNN/. Украин, Израил, Тайваньд 95 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай олон сарын турш хойшилсон хуулийн төслийг АНУ-ын Сенатын танхим мягмар гарагт баталлаа. Одоо Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар илгээнэ.


Энэхүү хуулийн төслийг баталсан нь АНУ-ын Ерөнхийлөгч, Конгресс дахь Ардчилсан намын /АН/ гишүүд, Сенат дахь Бүгд найрамдах намын /БНН/ дарга Митч Макконнелийн хувьд чухал ялалт юм. Намынх нь баруун жигүүрийнхэн Украиныг дэмжих тал дээр эсрэг байр суурьтай байсан ч  тэрбээр тусламж үзүүлэхийн төлөө ажиллаж байжээ. 


Эцсийн санал хураалтаар 79-18 саналын харьцаагаар хуулийн төслийг баталсан байна. Тодруулбал, БНН-ын 15 гишүүн, АН-ын гурван гишүүн эсрэг санал өгсөн байна. Хуулийн төслийг батлахын төлөө Ардчилсан намын 48, Бүгд найрамдах намын 31 гишүүн санал өгчээ.


Багц хуулийн төсөлд бямба гарагт болсон чуулганы үеэр тус тусад нь санал хураасан дөрвөн хуулийн төслийг нэгтгэж, Украинд 61 тэрбум доллар, Израилд 26 тэрбум доллар, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 8 тэрбум гаруй долларын тусламж үзүүлэхээр тусгасан байна. Эхний гурван хуулийн төсөл нь энэ оны эхээр Сенатын баталсан багц хуулийн төсөлтэй төстэй бөгөөд түүнийг Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон хэлэлцэхээс татгалзаж байжээ.


Харин дөрөв дэх хуулийн төсөл нь Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай болон АНУ-д “ТикТок” сүлжээг хориглохтой холбоотой үг хэллэгийг агуулсан байна. Тодруулбал, Хятадын толгой компани “Байтденс”“ТикТок”-ийг зарахад ойролцоогоор есөн сарын хугацаа өгөх ба эс бөгөөс уг сүлжээг Америкийн программын дэлгүүрүүдэд байршуулахыг хориглох ажээ.

 


相关新闻