Дундговьд аймагт хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг ганц газар бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХүүхэд харах үйлчилгээг 2021 он хүртэл хойшлуулсан тухай өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Энэ шийдвэрээр Дундговь аймгийн хувьд хүүхэд харах ганц үйлчилгээ байсан нь зогсохоор болж байна.
Тодруулбал, өнгөрсөн оны эхнээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэхэд тус аймагт сургагч багш нар бэлтгэгдэж, тэд хоёр удаагийн сургалтаар орон нутагтаа 22 иргэнийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчээр бэлдсэн. Үүний үр дүнд Эрдэнэдалай суманд анхлан өнгөрсөн дөрөвдүгээр сард хүүхэд харах үйлчилгээ эхэлж, 3 иргэн нийт 15 хүүхэд хүлээн авч ажилласан юм. Хоёр сар ажиллаад зуны амралт эхэлсэн бөгөөд 9 дүгээр сард тус үйлчилгээ дахин эхлээгүй ажээ. Харин Сайнцагаан суманд өнгөрөгч сард иргэн н.Өлзийдүүрэн хүүхэд харах үйлчилгээг эхлүүлсэн. Одоогоор санхүүжилтээ хараахан аваагүй бөгөөд 9 дүгээр сарын санхүүжилтийг олгоод үйлчилгээг зогсоох шаардлагатай болох байх гэдэг мэдээллийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн өгсөн юм.
Т. Отгонтуяа