Э.Блинкен Ойрх Дорнодыг дахин зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-28 10:23:40

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 28 /AP/. Газын зурваст Израил-ХАМАС-ын дайн зургаан сар гаруйн өмнө эхэлснээс хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнодыг долоо дахь удаа зорих гэж байгаа талаар Төрийн департамент бямба гарагт мэдэгдэв.


Э.Блинкен ирэх даваа гарагт буюу Хятадаас Вашингтонд ирснээсээ хойш хоёрхон хоногийн дараа Саудын Арабыг зорих ажээ. Тэрбээр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо Дэлхийн эдийн засгийн форумын бага хуралд оролцож, Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нартай уулзана.


Э.Блинкен мягмар гарагт Израилд ирнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлсэн бөгөөд энэ талаар Төрийн департаментын мэдэгдэлд дурдаагүй байна. 


Ойрх Дорнодод хийж буй түүний энэ удаагийн айлчлал нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад өндөр албан тушаалтнуудтай Хятадад хийсэн уулзалтын дараа болж байгаа бөгөөд Газын зурваст олон зуун мянган хүн дүрвэж, хүмүүнлэгийн хямрал улам бүр дордож буй үед тохиож байна.


Барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд гал зогсоох хэлэлцээр байгуулах АНУ-ын дэмжлэгтэй хүчин чармайлт үр дүнд хүрээгүй байгаа юм. Бямба гарагт ХАМАС бүлэглэл гал зогсоох тухай Израилын шинэ саналыг хянан авч үзэж байна гэж мэдэгджээ. ХАМАС-ын төлөөлөгч уг саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Энэ сарын эхээр хийсэн хэлэлцээний хувьд зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох, Израилын шоронд хоригдож байгаа олон зуун палестин хоригдлыг сулласны хариуд Газын зурваст барьцаалагдаад буй 40 энгийн иргэн, өвчтэй хүмүүсийг суллах асуудалд голчлон анхаарал хандуулжээ. 

相关新闻