Цэцэрлэгийн барилга таазнаасаа нурж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь хотын 1 дүгээр цэцэрлэгийн 140 гаруй хүүхэд маргаашаас эхлэн цэцэрлэгтээ явах боломжгүй болоод байна. Учир нь цэцэрлэгийн барилга таазнаасаа нурж эхэлсэн тул цэцэрлэгийг одоо байгаа барилгадаа үйл ажиллагаа явуулахыг нь аймгийн Мэргэжлийн хяналтын газар бүрмөсөн зогсоохоор болжээ.
Тус цэцэрлэгийн барилга 1958 онд ашиглалтад орсон, Дундговь аймгийн төвийн анхны барилгуудын нэг юм. Барилга ашиглалтын нормативаар тооцоход тус цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дуусаад 18 жил болсон байна. Мэргэжлийн хяналтын газар ашиглалтын хугацаа дууссан тухай дүгнэлтийг хэд хэдэн удаа гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард мөн ийм дүгнэлт гаргасан аж.
Өчигдөр цэцэрлэгийн таазнаас нуралт өгсөн талаар багш нар Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэний дагуу улсын байцаагч нар хяналт хийж, энэ хэвээр үйл ажиллагаа явуулаад байх нь өндөр эрсдэлт нөхцлийг үүсгэж байгаа тул үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг ийнхүү гаргажээ.
Цэцэрлэгийг одоо байгаа барилгаас нь ойрын хугацаанд нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хаана байршуулах нь тодорхойгүй байна
Т. Отгонтуяа