Үндсэн хуулийн товхимлыг олон нийтэд үнэ төлбөргүй тараав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-20 09:05:28

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах ажлын хүрээнд жил бүрийн Үндэсний бичиг соёл, номын баярт оролцож, Үндсэн хууль, Парламентын боловсрол болон D-parliament цахим системийг иргэдэд танилцуулдаг уламжлалтай.


Энэ дагуу 35 дахь удаагийн Номын баярт УИХ-ын Парламентын номын сангаас Анхдугаар Үндсэн хуулиас өнөөгийн шинэ Үндсэн хуультай холбоотой бүхий л эх сурвалж, Төрийн мэдээлэл болон Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн ном товхимол, судалгаа мэдээллийн үзэсгэлэнг дэлгэж, Үндсэн хуулийг товхимол болгон хэвлэж олон нийтэд үнэ төлбөргүй тараав. Мөн УИХ-ын Тамгын газраас номын баярт оролцож байгаа иргэдийн дунд “Үндсэн хууль” асуулт хариултын болон холбоо үгийг монгол бичгээр бичих тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдэд шагналыг нь  гардуулсан байна.


Мөн УИХ-ын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлдэг  Парламентын боловсрол хөтөлбөрийг хүүхэд залууст сурталчилж, УИХ-ын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн D-parliament цахим системийг танилцуулж байна. 


УИХ-аас 2021 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба ням гаргийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгон хуульчилснаас хойш ийнхүү 35 дахь удаагийн Үндэсний бичиг соёл, номын баярыг тэмдэглэж байгаа юм.

相关新闻