Монгол Беларусь хоёр улс уламжлалт, найрсаг харилцаатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-03 09:11:42

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй. Тус айлчлалтай холбогдуулж хоёр орны харилцааны лавлахыг танилцуулж байна.


Дипломат харилцаа: Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс Минск хотноо ЭСЯ-аа 2020 оны тавдугаар сарын 24-нд нээсэн бол Бүгд Найрамдах Беларусь Улс ЭСЯ-аа Улаанбаатарт 2014 оны зургаадугаар сарын 30-нд нээсэн юм.


Харилцааны байдал: Уламжлалт, найрсаг харилцаатай.


Дээд хэмжээний уулзалт: Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2015 оны долоодугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон ШХАБ, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой, мөн ШХАБ-ын хүрээнд 2018 оны зургаадугаар сард Чиндао хотод (Хятад) болсон Дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тус тус уулзаж байв. Бээжин хотноо 2017 оны тавдугаар сард болсон “Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтын хүрээнд Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзсан. Мөн 2023 оны 11 дүгээр сард Дубай хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой товч уулзалт хийв.


Хоёр талын харилцааны механизмууд:

1. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комисс:

 2013 (Улаанбаатар), 2014 (Минск), 2015 (Улаанбаатар), 2017 (Минск), 2019 (Улаанбаатар), 2022 (цахим), 2024 (Минск) онд тус тус зохион байгуулсан. ЗГХК-ын VII хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Минск хотноо зохион байгуулсан. Монголын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, беларусийн хэсгийн даргаар Аж үйлдвэрийн сайд А.Н.Рогожник нар ажиллаж байна.

2. УИХ дахь Монгол-Беларусийн найрамдлын бүлэг

Монгол, Беларусийн парламентын бүлгийн дарга нарын уулзалтыг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 15-нд зохион байгуулав.

3. Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт

Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг Дэд сайд нарын түвшинд 2012 оноос (Улаанбаатар) эхлэн хийж, 2013 (Минск), 2015 (Улаанбаатар), 2019 (Минск), 2022 онд (Улаанбаатар) нийт 5 уулзалт болов. Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн 5 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2022 оны есдүгээр сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. 

4. Олон улсын автотээврийн харилцааны асуудлаарх Монгол-Беларусийн хамтарсан комиссын хуралдаан

Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 2003 онд “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан. Олон улсын автотээврийн харилцааны асуудлаарх Монгол-Беларусийн хамтарсан комиссын III хуралдааныг 2023 оны 10 дугаар 27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж, ЗТХЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны Автотээврийн болон хотын зорчигч тээврийг удирдах газрын орлогч дарга А.А.Александрович нар ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурав. 

5. Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны Монгол, Беларусийн хамтарсан комисс

Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороо хоорондын хэлэлцээрийг 2013 онд байгуулсан. Тус хэлэлцээрийн хүрээнд Монгол, Беларусийн Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамтарсан комисс 2015 онд байгуулагдаж, нийт 4 удаа (2016.01, 2019.08, 2021.11, 2024.01) хуралдав. Минск хотноо 2024 оны нэгдүгээр сарын 23-нд Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны Монгол, Беларусийн хамтарсан комиссын IV хуралдааныг зохион байгуулав. 


Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа


Зээл тусламж “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг УИХ 2019 оны есдүгээр сарын 12-нд соёрхон баталснаар Беларусийн Хөгжлийн банкнаас 50 сая еврогийн зээлийн шугамыг нээсэн. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 310 дугаар тогтоолоор “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталснаар дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд:

-ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх 73 автомашин-13.2 сая евро,

-“МАЗ” компанийн замын засвар, цэвэрлэгээний 42 ширхэг автомашиныг худалдан авах-2.9 сая евро,

-Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх (117 МТЗ трактор, 417 ширхэг техник)-3.9 сая евро,

Дараах төслүүд хэрэгжүүлэх шатанд явж байна. Үүнд:

-Мах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр, сүүний саалтуур, хөргүүртэй танк, малын тэжээл бэлтгэх болон бусад зориулалтын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх - 25.5 сая евро,

-Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх (150 ширхэг) – 2.2 сая евро.


Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа

Улаанбаатар хотноо 2013 оны есдүгээр сарын 4-нд гарын үсэг зурсан “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийн дагуу иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. ХХЕГ-аас ирүүлсэн мэдээллээр 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 5836 беларусын иргэн нэвтэрч, 5788 иргэн гарсан байна. Харин Беларусь Улсад 16 монголын иргэн зорчсон бөгөөд тус улсад ойролцоогоор 30 гаруй иргэн сурч, ажиллан амьдарч байна. 


Боловсролын харилцаа:

-Беларусийн Ерөнхий сайд М.В.Мясниковичийн 2013 онд хийсэн албан ёсны айлчлалын үеэр Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан.

-Монгол, Беларусийн Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамтарсан комисс 2015 онд байгуулагдаж, нийт 4 удаа (2016.01, 2019.08, 2021.11, 2024.01) хуралдав.

-Беларусь Улсын тэтгэлгээр манай 28 оюутан Беларусийн техник мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуульд суралцаж байна. 

相关新闻