Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-06-14 16:55:41

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан стандарт гарц хийснээр мал, зэрлэг амьтад аюулгүй, чөлөөтэй нэвтрэх болжээ. Тавантолгойашуунсухайт төмөр замын гарц, гармуудаар сүүлийн хагас жилд 400 орчим зэрлэг амьтан орж гарсан нь камерт бүртгэгдсэн байна. Эдгээрээс 200 орчим нь хулан, 150 гаруй нь хар сүүлт, 50 орчим нь цагаан зээр байжээ.


“Тавантолгой төмөр зам” ХХК, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дагуух гүүрэн, нүхэн гарцуудаар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хийж буй эсэхийг хянаж, тандан судлахаар 24 байршилд 68 хөдөлгөөн мэдрэгчтэй автомат камер суурилуулжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард суурилуулсан камерууд нь 24 цагийн турш хөдөлгөөн, дулаан мэдэрч зураг авах, бичлэг хийх тохиргоотой. Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хийж буй судалгааны зорилго нь эдгээр гүүр, гарц, гармыг зэрлэг амьтад ашиглаж буй эсэхийг тогтоох, зэрлэг амьтад ихээр ашиглаж байгаа цэгүүдийг тодорхойлох юм.


Монгол орны зэрлэг амьтдад үзүүлж буй шугаман дэд бүтцийн нөлөөг багасгах, тэдэнд сөрөг нөлөө багатайгаар шугаман дэд бүтцийг төлөвлөх тухай судалгааг дэмждэгээ "Тавантолгой төмөр зам" ХХК мэдээлжээ. 


Манай улс Азийн орнуудаас анх удаа говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц стандартыг баталсан юм. 

相关新闻