БАЯНХОНГОР: Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-18 14:12:02

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аймгийн нийт нутгаар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.


Тодруулбал, Өнөөдөр хангай, хээр талын ихэнх нутгаар, говь, Алтайн салбар уулсын зарим газраар, 20, 21, 22-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 7-12 м/с, зарим үед 18 м/с хүрнэ.


Уулын ам гуу жалга бүхий газраар гэнэт орж буй борооны улмаас богино хугацааны хүчтэй үер бууж болзошгүй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байхыг холбогдох албанаас анхааруулав.


Гэнэтийн хүчтэй аадар борооны үеэр аянга цахилгаан, салхины хурд огцом ширүүсэх зэрэг хавсарсан аюулт үзэгдэл ажиглагддаг тул иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хэвшүүлэхийг онцгойлон анхааруулж байна.

相关新闻