ДУНДГОВЬ: Байгалийн үзэсгэлэнтэй хослох Задгай театр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-25 08:52:10
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумын заагт байрлах Их газрын чулууны ууланд үндэсний уламжлалт урлаг болох морин хуур, уртын дууны өв санг өвлүүлэх, хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий задгай театрыг 2006 онд байгуулжээ.


Энэ нь Улаанбаатар хотоос 300, аймгийн төвөөс зүүн тийш 90, Говь-Угтаал сумаас баруун урагш 45 км-т байрлах ба баруун, зүүн, хойд талаараа босоо тогтоц бүхий хадан хясаануудаар хүрээлэгдсэн байдаг.


Тайзны диаметр 18 метр, газраас дээш 140 см өндөртэй. Дундговь аймаг 4 жилд нэг удаа энэхүү задгай театрт “Уяхан замбуу тивийн наран” 3000 уртын дууч, морин хуурчдын урлагийн их наадам зохион байгуулж, тус үйл ажиллагааг аялал жуулчлалын нэгэн брэнд болгон хөгжүүлж байна.


Түүнээс гадна тус театрын тайзнаа Олон улсын бага наадам, “Туурайн төвөргөөн” Олон улсын хөгжмийн наадам, өсвөрийн болон насанд хүрэгчдийн уртын дууны уралдаан зэргийг зохион байгуулдаг.


Задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждавга, Монгол Улсын Хөдөлмөрын баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөг 2006 онд босгож, “Уяхан замбуу тивийн наран" уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.


3000 уртын дууч, морин хуурч оролцсон “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмыг анх удаа 2019 онд зохион байгуулж, 10 мянга гаруй хүн цугласан бол 2023 онд зохион байгуулсан тус наадмыг 40 мянга гаруй хүн үзжээ.


Энэ үеэр Дундговь аймгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартан, дуучид Байгалийн задгай театрын тайзнаа ая дуугаа өргөж, говийн тэнгэр дор байгалийн энэхүү үзэсгэлэн урлагийн гайхамшигтай хэрхэн хосолдгийг харж, ирсэн хүн бүрийн сэтгэлийн утсыг хөнддөг. 







相关新闻