Тариалан эрхлэгчдэд зөвлөмж хүргэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-02 11:32:46

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид зориулан ургамал хамгааллын талаар зөвлөмж хүргэж байна. 


Цаг агаарын байдлаас хамааран ургамлын хөнөөлт шавж, өвчин гарах нь ихсэх төлөвтэй байгаа тул тариалсан ургамлаа хамгаалахдаа бодисуудын нийлэмжтэй байдалд үндэслэн нэг удаагийн арга хэмжээгээр таримлын хөнөөлт организмтэй тэмцэх нь эдийн засгийн ач холбогдолтой гэжээ.


Үүнд: Хог ургамлын эсрэг төрөл зүйлээс нь хамааарч 2,4-Д /нийлмэл 2-этилгексилийнэфир/, флорасулам, трибенурон-метил, метсульфурон-метил, феноксапроп-П-этил агуулсан бодис, өвчний эсрэг тебуконазол, пропиконазол, ципроконазол агуулсан, хөнөөлт шавжийн эсрэг имидаклоприд, альфациперметрин агуулсан бодис сонгон хэрэглэх боломжтой.


Ургамал хамгааллын бодис (УХБ) хэрэглэх үед аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөх юм. Тодруулбал, пестицидтэй ажиллахын өмнө ерөнхий дүрэм, журам, зөвлөмжтэй танилцаж, тэдгээрийг чанд мөрдөж, хянах, ажил эхлэхийн өмнө ойр орчимд хүүхэд, амьтан байгаа эсэхийг шалгах, усны эх үүсвэрийг бохирдуулахаас зайлсхийх, бүтээгдэхүүний хаяг шошгон дээрх хэрэглэх тун, аюулгүй байдлын шаардлагыг дагаж мөрдөнө. Мөн тусгай хэмжих хэрэгсэл ашиглан тунг тохируулах, гал тогооны хэрэгсэл, хоолны сав хэрэглэхгүй байх, ажил дууссаны дараа тоног төхөөрөмж, савыг цэвэрлэж, угаах, шүрших уусмал бэлтгэх, ашиглах үед хэрэглэсэн багаж хэрэгслийг хүүхэд, амьтан хүрэхгүй газар тавих, хуурайшилттай газар тамхи татах, шүдэнз зурах гал гаргахаас болгоомжлох, ургамал хамгааллын бодисын савыг худалдахгүй, тараахгүй эсвэл зохих журмын дагуу устгахыг зөвлөжээ.

 

相关新闻